'Шри-Ланка улс өрийн хямралд ороход Хятадууд бус, дотоод улс төрийн ашиг сонирхол нөлөөлсөн'
ДэлхийЭнэтхэгийн геостратегич Брахма Челланей 2017 онд “Хятадын өрийн хавх” гэх шинэ нэр томьёог хамгийн анх гарган ирсэн байдаг.
Тэрээр Хятадын өрийн хавх ажилладаг зарчмыг ингэж тайлбарладаг:
-Бээжин эхлээд өөрийн улс төр, эдийн засаг, гадаад бодлогын ашиг сонирхолд нийцүүлж хөгжил буурай болон хөгжингүй орнуудад дэд бүтцийн төслүүдэд их хэмжээний зээл олгоно. Зээл олгосон төслүүдийг Хятад компани, хятад ажилчид гүйцэтгэх замаар зээлийн санхүүжилтийн дийлэнх хэсгийг буцаагаад аваад гарна. Тухайн улсад бүтээн байгуулалт, зээлийн хамт үлдэнэ. Хэн хэндээ ашигтай. Гэвч ядуу буурай, хөгжингүй орнууд бүгд зээлээ эргээд төлөх боломж хомс. Улмаар зээлээ төлж чадахгүй бол зээлийг нь дахин санхүүжүүлнэ. Зээлийг дахин санхүүжүүлэх төлбөрт олон улсын тавцанд Бээжинг дэмжих, шүүмжлэхгүй байх амлалт авна. Жишээ нь, Шинжаань дахь Уйгур иргэдийн хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар нүд нь балай, чих нь дүлий байх ёстой болно гэсэн үг.
Харин стратегийн ашиг сонирхол нь давамгайлж байвал барьсан бүтээн байгуулалтаа, эсвэл газар нутгийг нь өрөндөө суутгана. Энэ тохиолдолд тухайн зээлдэгч оронд юу ч үлдэхгүй. Бүр улс төрийн тэмцэл, хямрал бий болно. Мөн өрийн хавхны схем эдийн засгийн хувьд Хятадаас өндөр хамааралтай орнуудад илүү амжилттай хэрэгждэг гэжээ.
Гэхдээ Брахма Челланей Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд стратегийн бодлого зөвлөж явсан нэгэн. Бүс нутгийн хувьд Бээжин болон Дели хамгийн том өрсөлдөгч, бас сөргөлдөгчид. Дээр нь, газар нутгийн том маргаантай. Тиймээс Брахма Челланей өрсөлдөгчөө “чөтгөр улс” болгон харлуулах зорилгоор ийм нэр томьёо ашиглаж, АНУ тэргүүтэй стратегийн өрсөлдөгч барууны орнууд уг суртал ухуулгыг нь хөхиүлэн дэмждэг гэх асуудал нөгөө талд яригддаг.
Тэгвэл “Chatham House” буюу Их Британийн Хатан хааны Олон улсын харилцааны хүрээлэн 2020 онд “Хятадын өрийн хавх бодит биш. Энэ бол домог яриа” гэх судалгааг гаргасан байдаг. Мөн АНУ-д төвтэй Глобал судалгааны хүрээлэнгийн “Aiddata” төсөл 2021 онд сүүлийн 18 жилийн хугацаанд дэлхийн 165 улсад БНХАУ-ын зээлээр бий болсон 13,427 төслийг судалсны эцэст, дефолт болсон гадаад хөрөнгийг хураан авсан нэг ч тохиолдол илрүүлээгүй гэх судалгааг танилцуулж байв.
Мөн зарим хүн Африк, Төв Азийн хөгжиж буй орнуудад БНХАУ-ын хөгжлийн зээлүүд улам бүр татрах болсон барууны санхүүжилтийн цоорхойг нөхөж. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх хүчэн чармайлтыг урагшлуулах том хөшүүрэг болж байгааг онцолдог.
Гэвч Шри-Ланка улс 2017 онд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлийн төлбөрт “Хамбантота” боомтоо “China Merchant Port Holding” компанид 99 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Жибути улс 2016 онд БНХАУ-ын 1.1 тэрбум ам.долларын зээлийн төлбөрт Суэцийн сувгийг хамгаалдаг стратегийн түшиц газар нутгаа Хятадын армийн төв командлалын мэдэлд өгсөн нь өрийн хавх бодит гэдгийн нотолгоо болдог. Мөн Хятадад их хэмжээний өртэй, эдийн засгийн хувьд өндөр хамааралтай Төв Ази, Зүүн өмнөд Ази, Африкийн нэг ч улс өнөөдрийг хүртэл Уйгуруудын асуудлаар дуугараагүй. Дуугарч чадахгүй байгаа орнууд дунд ижил Исламын шашинтай олон орон байгаа нь яах аргагүй анхаарал татдаг.
Тэгвэл дээр дурдсан “Chatham House”-ын судалгаанд “Хамбантота” боомтын кейсийг Хятадын өрийн хавх гэх нэр томьёогоор дүрслэх нь зохимжгүй. Учир нь, Шри-Ланка улсад 2014 оны байдлаар томоохон дэд бүтцийн төслүүдэд 36 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалт, зээл тусламж үүний гуравны нэгийг санхүүжүүлсэн.
Энэ төсөл Хятадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүү Шри-Ланкагийн дотоод улс төрийн зөрчил, авлигалаас болж өрийн хямралд орсон. Тухайлбал, Хамбантота боомтыг бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн компани 2015 онд Шри-Ланкагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дараагийн бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөж байсан Махинда Ражапакса болон түүний ойрын хүрээлэлд дор хаяж 7.6 сая ам.доллар шилжүүлж, авлигал өгсөн. Хамбантота боомтын төсөл бүтэлгүйтсэн бусад том төслүүдийн адил Махинда Ражапаксагийн гэр бүл, ойрын хүрээлэлд төвлөрсөн авторитар дэглэм үүсэж, шүүх засаглал, төрийн өмчит компаниуд, банкуудыг түүний төлөөний хүмүүс дүүргэсэн үед хөдөлж байв.
Бүр Шри-Ланка дахь АНУ-ын Элчин сайдын яам аль 2007 онд тус улсын эрх баригчид сөрөг хүчний намууд ялалт байгуулдаг мужуудыг авахын тулд дэд бүтэц хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Шри-Ланка улс томоохон төслүүдийг эртнээс оновчтой, нэгдсэн хөгжлийн төлөвлөлт бус популизм, улс төрийн сэдлээр хөдөлгөж ирсэн. Бүс нутгийг хөгжүүлэх стратегийн төлөвлөлт, дэд бүтцүүдийг холбох, том төслүүдийг хариуцдаг төрийн агентлагуудын хоорондын уялдаа холбоо байхгүй. Том төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулагчдын сонирхол байх ёстой гэдгийг бизнесийн хүрээнийхэн нь ч ойлгодоггүй гэж дүгнэсэн байдаг. Үр дүнд нь, үр ашиггүй асар том хоосон зай, хоосон нисэх онгоцны буудал, хэнд ч хэрэггүй том хурлын өрөөнүүдээр дүүрсэн Хамбантота боомт бий болсон. Шри-Ланкад бодлого төлөвлөлтгүй хийгдсэн ийм мэт ажлууд олон. Тэр нь эргээд өрийн дарамт болж, өнөөдөр Шри-Ланка улс дефолт болох шалтгаан болсон.
Дээр нь, Шри-Ланкийн өнөөгийн өрийн хямрал нь экспортын бараа бүтээгдэхүүн, эдийн засгийн төрөлжилтгүй байдал, гадаад өрийн бүтцээс шалтгаалсан. Тэр байтугай Хятадын эсрэг хамгийн том дуу хоолой болдог АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл хүртэл Шри-Ланкагийн өнөөгийн өрийн хямралд Хятадын өрийн асуудлыг буруутгаагүй. Харин ч эсрэгээрээ Шри-Ланкагийн эрх баригчид удаан хугацаанд өрийн менежментийн буруу бодлого хэрэгжүүлж, алдаатай тогтолцоогоо огт шинэчлээгүй явж ирсний үр дүнд бий болсон гэж дүгнэсэн байна.
Тиймээс Хятадын өрийн хавх, төрийн бодлогын оролцоо гэхээс илүү дотоод улс төрийн ашиг сонирхол нь хөгжлийн төслүүдэд нөлөөлж, үүнээс үүдсэн Шри-Ланкагийн өнөөгийн хямрал манайд ч тохиолдох эрсдэлтэй байгааг бид ч гэсэн харж, өөрчлөх цаг нь болжээ.