Ж.Безостой хамт сансарт аялах тасалбарын үнэ 28 сая ам.долларт хүрлээ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-15 01:51:40

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компанийн сансрын хөлгийн анхны аяллын бүрэлдэхүүнд багтах суудлын үнэ дуудлага худалдаагаар 28 сая ам.долларт хүрчээ.

Сансрын хөлгийн зургаан суудлын нэгийг бямба гарагт дуудан худалдаалсан юм. 

Энэхүү тасалбарыг худалдан авсан хүн нэрээ нууцалж байгаа бөгөөд түүний талаарх мэдээллийг ойрын долоо хоногт танилцуулна гэж “Blue Origin” компани “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна.  

Ирэх долоодугаар сарын 20-нд хийхээр товлоод буй анхны нислэгийн бүрэлдэхүүнд Ж.Безос болон түүний дүү Марк багтаж буй юм.

Уг аялалд багтах тасалбарын үнэ сүүлийн нэг сар орчмын хугацаанд таван сая орчим ам.долларт хүрээд байсан боловч бямба гаргийн цахим дуудлага худалдаагаар ийнхүү тав дахин өндөр үнээр зарагджээ. 

Дуудлага худалдаагаар олсон орлогыг “Blue Origin” компанийн “Club for the Future” санд хандивлах ажээ. 

Ж.Безос нь дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг юм. Америкийн “Forbes” сэтгүүлийн мэдээллээр, тэрбээр 186.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна. 

“Долоодугаар сарын 20-ны өдөр миний бие дүүгийнхээ хамтаар аялалд гарна. 

Хамгийн сайн найзтайгаа хийх хамгийн гайхалтай аялал энэ байх болно” гэж Ж.Безос энэ долоо хоногийн эхээр “Instagram” хуудсандаа нийтэлсэн юм. 

Blue Origin” компанийн мэдээлснээр, зорчигчид дэлхийн гадаргуугаас 100 гаруй километрт очиж, бичил таталцлыг мэдрэх бөгөөд зургаан суудалтай капсул эх дэлхийдээ шүхрээр эргэн бууна. 

Энэхүү аялал 10 орчим минут үргэлжлэх ажээ. 

Холбоотой мэдээ