Оюуны өмчийн газраас өнгөрсөн таван сард 74 шинэ бүтээлд патент олгосон нь өмнөх оны мөн үеэс 95%-аар өсжээ
Шинжлэх УхаанОюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны эхний таван сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 217 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 39 (21.9%)-өөр өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
График. Патент, жил бүрийн эхний 5 сард
Тайлбар: Оюуны өмчийн патентын мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргадаг тул тухайн сард олгосон патент нь патентын мэдүүлгээс их байж болно.
Иргэн, хуулийн этгээдээс 2021 оны эхний таван сард ирүүлсэн 169 бүтээлд патент олгосны 74 нь шинэ бүтээлийнх, 95 нь бүтээгдэхүүний загварынх байжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 36 (94.7%)-гаар өссөн, харин бүтээгдэхүүний загварын патент өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлт аж. Харин өмнөх сараас шинэ бүтээлийн патент 7 (87.5%)-гоор, бүтээгдэхүүний загварын патент 2 (8.7%)-оор өссөн байна.
Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд
- 28 нь хүний хэрэгцээг хангах зүйл,
- 26 нь хими, төмөрлөг,
- 12 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис,
- 11 нь физик,
- 11 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт,
- 13 нь бусад ангилалд хамаарч байгаа аж.