Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд "мөсөн гэр" дотроо
ФотоЭскимо хүмүүсийн амьдардаг цас мөсөөр хийсэн сууцыг хараад хүйтэн уур амьсгалд мөсөн гэр дотор амьдрах ямар ч боломжгүй гэж бодож байсан байх.
Гэсэн ч дасан зохицож болдоггүй зүйл гэж хүний амьдралд бараг байхгүй шахам ажээ.
Хойд туйлын хүмүүсийн хувьд мөсөн сууц бол хамгийн найдвартай хоргодох байр юм.
Анх харахад боломжгүй мэт санагдах хэдий ч физикийн энгийн хуулиудыг мэдэж байвал мөсөн сууцны тухай ойлгоход тийм ч төвөгтэй биш.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өрөө жижиг байх тусам дотроо дулаахан байдаг гэдгийг ойлгожээ.
Энэ логикийг Эскимочууд мөсөн гэр барихдаа нэн тэргүүнд баримталдаг.
Нэг хүнд 2.7 метрийн диаметртэй мөсөн сууц хамгийн тохиромжтой.
Гурван хүнтэй ам бүлд 3.4 метрийн диаметртэй байхад болно.
Харин өндрийн хувьд хоёр метрээс дээшгүй байх хэрэгтэй.
Мөсийг хүссэн хэмжээ, хэлбэрээрээ зүснэ гэдэг хэцүү тул ихэвчлэн цасыг нягтаршуулж хэлбэрт оруулаад сууцаа барьсан хойноо гадна талаас нь ус асгаж хөлдөөдөг.
Энэ нь дулаан тусгаарлахад чухал нөлөөтэй.
Илүү дулаахан байхын тулд орох гарах гарцыг цас ухаж газрын түвшнээс доогуур хийх явдал байдаг.
Ингэснээр гэр дотор дулаан хадгалагдахын сацуу агаарын солилцоо явагдах боломжтой болно.
1Мөсөн сууцыг хэрхэн барьдаг вэ?
Мэдэхгүй хүнд мөсөн гэрийг барих явц нь маш ярвигтай бөгөөд хүч шаардсан ажил мэт санагдаж байж магадгүй.
Нэгэнтээ хэрхэн барих аргыг нь сурсан байхад тийм ч хэцүү биш ажээ.
Канадын судлаач Виллалмур Стефансон 1914 онд хойд туйлд экспедиц хийж явахдаа мөсөн сууц барих арга барилд суралцаж, уг гэрийг барьсан анхны гадаад хүн болжээ.
Дөрвөлжин хэлбэрт оруулсан цас мөснүүдээ доороос нь эхлээд цагираглуулан өрнө.
Ийн өрөхдөө мөсөн гэрийнхээ дээр жижиг нүх гаргахаа мартаж болохгүй.
Энэ нь яндангийн үүрэг гүйцэтгэнэ. Тогтвортой, бат бэх байдлыг хангахын тулд гэрийнхээ гадуур ус асгаж нэг ёсондоо цас, мөсийг барьцалдуулна.
2Мөсөн сууцыг хэрхэн дулаалдаг вэ?
- Хүний биеийн илч нь ихэнх мөсөн гэрт дулааны гол эх үүсвэр болдог.
- Тосон дэнлүү (Далайн хав, халимны өөхөөр хийдэг) болон ховор тохиолдолд хоол хийхээр асаасан багахан хэмжээний гал дулааны эх үүсвэр болох тохиолдол байдаг. Нутгийн иргэд мөсөн гэр дотор тийм ч их гал түлээд байдаггүй. Тэд махыг түүхийгээр нь ихэвчлэн иддэг ба болгож идэх тохиолдолд тосон дэнлүүн дээрээ шарж иддэг байна. Мөсөн гэр дотор гал түлэхдээ маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд хэт их гал түлж болохгүй. Мөн давчуу зайд угаарын хий хуримтлагдаж, хордож магадгүй нөхцөл үүсэхээс сэргийлж мөсөн гэрийнхээ хананд жижиг нүх гаргадаг.
3Мөсөн сууцны давуу талууд:
- Хэрвээ зөв барьж чадвал -40 хэмийн хүйтэнд мөсөн гэр дотор -7-оос +20 хэм дулаан байдаг.
- Цас нь тусгаарлагч материал болж өгдөг учир дулаан алдагдахаас сэргийлдэг.
- Мөсөн гэрийг 30 минутаас нэг цагийн дотор барьж болдог.
Нутгийн иргэд мөсөн гэр дотроо ангын арьс дэвсээд л унтдаг. Ханандаа өлгөх тохиолдол ч бий.
Мөн тосон дэнлүү асаах нь гэрийнхээ бүтцийг дотроос нь бат бэх болгож буй арга юм.
Дэнлүү асаахад гэрийн дотроос бага зэрэг хайлуулж, энэ нь цас мөс илүү барьцалдахад хүргэх гэр бат бэх болдог.
Шөнөдөө дулаанаа алдахгүйн тулд мөсөн сууцныхаа гарцыг том хэмжээтэй мөсөөр хийдэг.
Эскимо хүмүүс эртнээс амьд үлдэхийн төлөө тэмцэж, харш уур амьсгалд зохицсоор ирсэн.
Энэ тэмцэлд нь мөсөн сууц хамгийн чухал ач холбогдолтой нь гарцаагүй.
Харин орчин үед эскимочууд мөсөн гэрийг зөвхөн ан ав хийх үед барьж ашиглах болсон бөгөөд энгийн байшингуудад амьдардаг болсон байна.