Фэйсбүүк компани мессенжэрийнхээ видео, аудио дуудлагыг өндөр нууцлалтай болгож эхэллээ
Шинжлэх УхаанМессенжэр үйлчилгээнийхээ видео болон аудио дуудлагыг кодчилж, өндөр нууцлалтай болгож байгаагаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.
Тус компани Мессенжэрийнхээ текст агуулгыг 2016 онд ингэж кодчилох боломжтой болгож байсан юм.
Тэр үеэс хойших хугацаанд видео, аудио дуудлагын хэрэглээ огцом нэмэгдэж, өдөрт 150 сая гаруй дуудлага Мессенжэрээр дамждаг болжээ.
“Таны дуудлагын агуулга нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж хүртэл дамжихдаа бүрэн кодчилогдож байна.
Өөрөөр хэлбэл таны дамжуулсан агуулгыг замаас нь хэн ч үзэх, сонсох боломжгүй болж байгаа юм. Фэйсбүүк өөрөө ч чадахгүй” гэж тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Рут Кричели мэдэгджээ.
“End-to-end encryption” буюу мессэжийн агуулгыг дамжуулалтын эхнээс нь төгсгөл хүртэл кодчилж, нууцлах арга сүүлийн үед бүх мессенжэр төрлийн үйлчилгээний стандарт болоод байгаа.
Гэхдээ ийм арга нь гэмт хэрэгтнүүд, террористуудын үйл ажиллагааг нууцалж, хүүхдийн порнограф зэрэг хууль бус агуулгыг хуулийн байгууллагаас хамгаалахад ашиглагдаж байгааг албаныхан шүүмжилдэг.
Сүүлийн жилүүдэд технологийн компаниуд болон хууль хүчнийхний хооронд энэ асуудлаар ширүүн маргаан, мэтгэлцээн үргэлжилж байна.
Саяхан Apple компани мессэж үйлчилгээгээрээ дамжиж буй агуулгаас хүүхдийн порно материалыг шүүж хянах технологи нэвтрүүлэх болсноо зарласан нь уг маргааныг улам эрчимжүүлсэн юм.
Apple-ийн нэвтрүүлэх шинэ механизмийг засгийн газар, эрх баригчид буруу зорилгоор ашиглах эрсдэлтэй хэмээн зарим судлаачид болгоомжилж байна.
Эх сурвалж: AFP