Ах дүү хоёр криптовалют олборлож, сард 30 мянган долларын орлоготой бизнес босгожээ
Шинжлэх УхаанАмерикийн “CNBC” сувагт өгсөн ярилцлагадаа 14 настай Ишан Такур “Дүү бид хоёр зуны амралтаараа технологийн талаар шинэ зүйлс сурч, мэдэхийн зэрэгцээ өөрсдийн хүчээр бага хэмжээний мөнгө олох зорилгоор энэ ажлаа эхлүүлсэн” гэж ярьжээ.
Улмаар ах дүү хоёр криптовалютын зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй “Bitcoin”, “Ethereum” болон топ 100-д багтдаг “Ravencoin” гэх гурван криптовалютыг олборлохоор шийдсэн байна.
Гэхдээ ах дүүс бизнесээ эхлүүлэхээс өмнө олборлолт хэрхэн хийхийг сурч, техник хангамжаа бүрдүүлэх шаардлагатай болсон аж.
Дунд сургуулийн сурагчид төдийгүй програм хангамжийн инженерүүдийн хувьд ч “Bitcoin”, “Ethereum” зэрэг криптовалютын гүйлгээг задлах, баталгаажуулах зэрэг нь амаргүй ажил байдаг бөгөөд өндөр хүчин чадалтай техник хангамж шаарддаг.
Тэгвэл ах дүү хоёр олборлолт, гүйлгээ хийх аргыг “YouTube”-ийн бичлэгүүдээс хялбархан сурсан бөгөөд Ишан өөрийнхөө видео тоглоомд зориулсан “Alienware” компьютерын график картыг олборлолтдоо хөрөнгө оруулсан байна.
Ишан Такур криптовалют олборлолтын талаар “Крипто олборлолт хийх нь алт болон бусад байгалийн баялгийг олборлохтой яг адил. Уурхайд хүрз, хүнд тоног төхөөрөмж ашигладаг бол крипто олборлоход компьютер л шаардлагатай.
Бид зуны амралтаа компьютер тоглож өнгөрөөж болох байсан.
Гэхдээ чөлөөт цагаа технологийн талаар сурч мэдэхэд зориулж байгааг эцэг эх маань ч дэмжсэн” гэсэн юм.
Түүнчлэн ах дүү хоёр бизнесээ албан ёсны байлгах үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сард “Flifer Technologies” гэх хамтарсан компанийг үүсгэн байгуулжээ.
Мөн эцэг эх нь зөвхөн компанийн бүртгэлийн асуудалд л тэдэнд тусалсан бөгөөд бусад бүх зүйлсийг өөрсдөө бие даан хийсэн байна.
Ишан зуны амралтаараа хийсэн орлогынхоо талаар “Бид эхний өдрөө 3 ам.доллар олсон.
Энэ нь бид хоёрт маш их урам өгсөн.
Тэгээд ааваасаа мөнгө зээлж, нэмж процессорууд худалдан авсан.
Ингээд эхний сардаа 1000 ам.долларын орлого олсон.
Тухайн үед бид хоёр зөвхөн Ethereum олборлож байсан. Манай орлого нэмэгдсээр байсан бөгөөд бид мөнгөө техник хангамждаа хөрөнгө оруулж, Antminer болон Nvidia RTX 3080-Ti график карт худалдаж авсан.
Ингээд долдугаар сараас Bitcoin, Ravencoin олборлож эхэлсэн.
Бид секундэд 10 тэрбум гаруй Ethereum алгоритмыг боловсруулах хүчин чадалтай болсон.
Одоогийн техникийн хүчин чадлаас харахад бид ирэх сард 36 мянган ам.долларын орлого олох төлөвтэй байна” гэсэн байна.
Криптовалют олборлох тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байдгаас гадна эрчим хүчний асар их хэрэглээ шаарддаг.
Тухайлбал, крипто олборлолтод хамгийн түгээмэл ашиглагддаг “Nvidia RTX 3090” график карт ойролцоогоор 2500-3000 ам.долларын үнэтэй байдаг.
Мөн ах дүү хоёр өөрсдийн бизнесээ байгаль орчинд хор хөнөөлгүй байлгах зорилгоор олборлолтод шаардлагатай бүх эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн бөгөөд Техас мужийн Даллас хотод дата төв түрээсэлж, серверүүдээ нүүлгэсэн байна.
Учир нь криптовалютыг гэрийн нөхцөлд олборлох нь дуу чимээ ихтэйгээс гадна серверүүд асар их халдаг.
Тиймээс том хэмжээний олборлогчид ихэвчлэн зориулалтын орчин, агааржуулалт, хөргөлтийн систем бүхий дата төвүүдэд төхөөрөмжүүдээ байршуулж, үйл ажиллагааг нь мэргэжлийн хүмүүст даатгадаг.
Тэгвэл Ишан болон Ааня нар дата төвийн түрээс болон эрчим хүчний зардалд сард ойролцоогоор 3000 ам.доллар төлж байгаа бөгөөд шинэ төхөөрөмжүүдээ турших ажлыг гаражд хийж байгаа аж.
Тэд анх зөвхөн зуны амралтаараа крипто олборлолт хийхээр төлөвлөж байсан ч бизнес нь өргөжсөн тул хичээлийнхээ хажуугаар олборлолтоо үргэлжлүүлэн хийхээр шийдсэн байна. Энэ талаар 9 настай Ааня Такур “Ах бид хоёр бизнесээрээ ирээдүйн коллежийн төлбөрөө олно гэж найдаж байгаа” гэсэн юм. Бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч тэрээр ирээдүйд Нью-Йоркийн эх сургуульд сурч, эмч болохыг мөрөөддөг гэжээ.
Харин 14 настай Ишан Такур энэ жил ахлах сургуульд орж байгаа бөгөөд ирээдүйд Пенсильваны их сургуульд суралцаж, мөн эмч болохыг зорьж байгаа аж.
Эх сурвалж: CNBC