ДЭЛХИЙН МЭДЭЭ Хятадын “Хиймэл нар” цельсийн 70,000,000 хэм хүртэл халж, нарнаас тав дахин илүү дулаан ялгаруулжээ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2022-01-05 17:35:51

Хятадын “Хиймэл нар” нэртэй цөмийн хайлуулах реактор нарнаас тав дахин халуун бөгөөд асааснаас хойш 17 минут ажилласан байна. Энэ нь өндөр температурт шинэ дээд амжилт тогтоосон явдал болжээ.

“Хиймэл нар” гэгддэг туршилтын дэвшилтэт хэт дамжуулагч Токамак (EAST) нь туршилтын явцад Цельсийн 70,000,000 хэмд хүрсэн гэж “Xinhua” агентлаг мэдээлэв. “Хиймэл нар”-ны төхөөрөмжийг бүтээх эцсийн зорилго нь оддын доторх байгалийн урвалыг дуурайлгаснаар хязгааргүй цэвэр эрчим хүчийг түгээх явдал юм.

EAST төсөлд одоогийн байдлаар 940 гаруй тэрбум доллар зарцуулаад байгаа бөгөөд зургадугаар сар хүртэл туршилтаа явуулна.

Бодит нарны физикийг хуулбарласан цөмийн хайлуулах реакторууд нь атомын цөмүүдийг нэгтгэснээр асар их энергийг бий болгох бөгөөд үүнийг цахилгаан болгон хувиргах боломжтой юм. Уг процесс нь арилжааны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг цөмийн задралын процессоос ялгаатай нь хурмал түлш шаарддаггүй бөгөөд ямар ч аюултай хог хаягдал ялгаруулдаггүй. Мөн физикчид байгаль орчны гамшгийн эрсдэл харьцангуй бага гэж үздэг байна.

Хятадын реакторын баг Францын Марсель хотод баригдаж буй цөмийн хайлуулах реакторын өөр нэг мега төсөлд техникийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Олон улсын халуун цөмийн туршилтын реактор (ITER) нь ашиглалтад орсноор дэлхийн хамгийн том реактор болох юм.

Мөн Их Британи “ногоон аж үйлдвэрийн хувьсгал” бодлогынхоо хүрээнд цөмийн хайлуулах цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа бөгөөд уг байгууламжийг барьж болох таван байршлын жагсаалтыг өнгөрсөн сард зарласан. Эрчим хүч үйлдвэрлэх бөмбөрцөг хэлбэртэй Токамак (STEP) төслийн концепцын загвар 2024 он гэхэд бэлэн болж, 2040-өөд оны үед эрчим хүч нийлүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ