IJF НИЙТЛЭВ I Бодит байдал мөрөөдлөөс ч илүү гэрэлтэх үед
СпортОлон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайт болох www.ijf.org Монголоос тодорсон шинэхэн Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн талаар нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.
Эх сурвалж: IFJ.org, Nicolas Messner
Олон улсын жүдо бөхийн холбооны сайтын редакцын хувьд бид бичиж буй сэдвийнхээ ард "нуугдах" үүрэгтэй байдаг. Ингэх нь тийм ч хүндрэлтэй биш гэдгийг онцлох хэрэгтэй. Яагаад гэвэл бидэнтэй таардаг агуу аваргууд, жүдочдын адал явдал ихэнхдээ гайхамшигтай байдаг. Харин өнөөдөр би тэрхүү тогтсон уламжлалыг эвдэхийг зориглов. Гэхдээ хэн нэгний, тэр тусмаа хүслэн болсон Дэлхийн аваргын титэм хүртсэн Бавуудоржийн Баасанхүүгийн амьдралыг ил гаргах санаа агуулсангүй, харин ч эсрэгээрээ эл гайхалтай тамирчны аялалд илүү гэрэл нэмэхийн тулд ийм зориг гаргалаа.
Би 10 гаруй жилийн өмнө Баасанхүүтэй танилцаж байлаа. Монгол Улсын Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон үйл явдал. Тухайн үед тэр арав гаруй настай байсан бөгөөд үе үе жүдо бөхөөр хичээллэж байв. Улаанбаатар хотоос 600 км алс орших Мөрөн хотод тэр үед 40 мянга хүрэхгүй хүн оршин суудаг байв. Хэдийгээр тэр жүдо бөхийн замыг дөнгөж сонгоод байсан ч энэ спортод шууд л дурлажээ. Эгэл жирийн гэр бүлд төрсөн охин өдөр тутмын хүнд хүчир ажил ихтэй байсан тул тэр бүр бэлтгэлээ хийж амждаггүй байв. Тэр байтугай 2024 оны тавдугаар сарын ийм нэгэн өдөр дэлхийн оргилд хүрнэ гэдгээ тэр төсөөлөө ч үгүй байсан биз.
Бүх зүйл тэр уулзалтаас эхэлсэн. Бидний аяллыг Монголын жүдо бөхийн холбооноос Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхий даяар хэрэгжүүлж байсан “Хүүхдэд зориулсан жүдо” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм.
Улаанбаатарын анхны Гран при болсны дараа тухайн үед МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат бид хоёр Монгол оронтой танилцахаар аялалд гарсан юм. Аяллыг зохион байгуулахад МЖБХ-ны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тусалсан. Тэрбээр удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Мөрөн хотод ирмэгцээ бид нутгийн залуу жюдочидтой уулзахаар нэгэн сургуульд очив. “Энэ бол дөнгөж эхлэл байлаа. Бидний очсон сургуульд татами байсангүй. Тэгш бус шалан дээр брезент татсан байлаа. Залуу жүдочдод жюдоги буюу тусгай өмсгөл ч байгаагүй. Өмсгөлтэй нэг нь бусдадаа өгнө. ОУЖБХ-ны туслалцаа, дэмжлэгтэйгээр бид бүх хүүхдэд тусгай өмсгөл авч очсон байлаа. Татамиг ч гэсэн хожим нь явуулсан.
Хүүхдүүдийн дунд Монголын тал нутгийн цэвэр агаарт улайж, борлосон хацартай Б.Баасанхүү гэх охин зогсож байлаа. Тэр өдөр түүнд анхных нь жүдоги өмсгөлийг өгөх боломж олдсон нь нэр төрийн хэрэг байлаа. Тэр л өдөр Баасанхүү жүдо бөхөөр хичээллэхээр илүү их сэтгэл шулуудсан гэдэг.
Хэдэн жилийн дараа тэр дэлхийн дэвжээн дээр гарч эхэлсэн үедээ тэр “Мөрөн хотод найзуудтайгаа хийцгүйрч байхдаа нэг өдөр жүдо бөхийг сонирхож үзсэн. Тэр үед би жүдо бөх гэж юу байдаг талаар огт мэддэггүй байсан. Ноцолдож үзсэн чинь сонирхолтой санагдсан. Гэхдээ ийм хол явна гэж хэзээ ч бодож байгаагүй. Эхэндээ татами, жүдоги гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Нэг өдөр манай багш гадаадаас хүн ирж байгаа, бидэнд тусгай бэлэг өгнө гэж хэлсэн юм. Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Тэр бол миний анхны жүдоги байсан. Цасан цагаан өнгөтэй. Тэр өдөр миний санаанд үлдсэн. Түүнээс хойш би жүдо бөхөөр илүү нухацтай хичээллэх ёстой гэж бодсон. Хожим нь Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Орон нутагт болж байсан юм. Мэдээж хэрэг би шинэ жүдоги өмсгөлөө өмссөн. Тэр тэмцээнээс би анхныхаа хүрэл медалийг хүртсэн. Түүнээс хойш жүдо бөх миний амьдралын нэгэн чухал хэсэг болсон” гэж дурссан байдаг.
Миний гараас анхныхаа жүдоги өмсгөл авахдаа нүдээ бүлтийлгэн харж зогссон тэр бяцхан охины дүр төрх өнөөдөр түүнийг ялсан сэтгэлээ хоёр гараа өндөрт өргөн илэрхийлэх тэр мөчид, Монгол Улсын төрийн сүлд эгшиглэх тэр мөчид миний санаанд эргэн сэргэж байлаа.
Түүнээс хойш ямар нэгэн агуу зүйлд хувь нэмрээ оруулсан мэт өндөр сэтгэгдэлтэйгээр Мөрөн хотод дахин очиж билээ. Хэрэв ОУЖБХ өдөр бүр “Хүүхдэд зориулсан жүдо”, “Жүдо сургуулиудад”, “Энх тайвны төлөөх жүдо” зэрэг хөтөлбөр боловсруулбал ийм мөчийг үргэлж мэдэрнэ гэсэн үг.
Би Бавуудоржийн Баасанхүү Абу Даби хотод барилдсантай шууд холбоотой хүн биш. Тэр Дэлхийн аваргын татами дээр өөрийн чадлаар хүрч ирсэн. Түүний гаргасан амжилт бол Монголын үндэсний шигшээ багтайгаа олон жил бэлтгэл хийж, өөрийгөө зориулсны үр шим юм. Бүх гавьяа маргаангүй түүнийх. Гэхдээ хэрэв бид тэр өдөр Мөрөн хотод очоогүй бол энэ бүхэн эхлэхгүй байсан ч байж магадгүй гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.
Олимпын шүүгч болсныхоо дараа ОУЖБХ-ны шүүгчдийн багт нэгдэн орсон М.Бөхбат хүүхдэд зориулсан хөтөлбөрийн үр шимд итгэдэг. Тэрбээр “Хүүхдүүдэд зориулсан жүдогийн хөтөлбөрүүд нь олон хүүхэд, ялангуяа орон нутгийн хүүхдүүдийн ирээдүйд асар чухал үүрэг гүйцэтгэдэг төсөл юм. ОУЖБХ болон жюдо бөхийн гэр бүлд хийсэн бүхэнд нь талархаж байна. Мөрөн шиг газраас гарч ирэх хэцүү. Гэхдээ Баасанхүү бүх зүйл боломжтой гэдгийг харуулж чадлаа. Бид бүгд бахархах ёстой” гэж ярив.
Тийм ээ, өнөөдөр Бавуудоржийн Баасанхүүгийн өдөр байлаа. Абу Даби түүний хүүхэд насных нь мөрөөдлийг давуулан биелүүлж, түүнийг "Парис-2024" олимпын их наадам руу хөтөллөө.
Бид ирээдүй үедээ урам зориг хайрлах үүрэгтэй гэдгийг онцлохын тулд дурсамжаа ийн бичлээ. Бид энэ үүргээ Монголд биелүүлж чаджээ. Бид үүргээ биелүүлсэн учир энэ гайхамшиг биеллээ оллоо. Үнэхээр баяртай байна.
Өдөр бүр олон мянган дасгалжуулагч шавь нартаа цаглашгүй их урам зориг өгч байдаг. Бавуудоржийн Баасанхүү болон тэр өдөр түүнийг ирээдүйг гэрэлтүүлсэн бэлэг илгээх боломж олгосон бүх хүмүүст баяр хүргэе.
Сэтгэгдлүүд