Челсигийн ахлагч Сесар Аспиликуэта тоглолтын цорын ганц гоолыг оруулсан Хаверцын талаар “Кай Хаверц үнэхээр тайван байсан.
Түүний гүйлт үнэхээр гайхалтай.
Тэр бол супер од.
Аль хэдийн супер од болчихсон залуу.
Тэр үүнийг хүртэх эрхтэй.
Челси 2012 онд аваргуудын лигт түрүүлсний дараа би ирсэн.
Би тэр амжилтыг дахин давтахыг хүссэн.
Гайхалтай үдэш байлаа.
Гэр бүл минь өнөөдөр надтай хамт энд байна.
Онцгой өдөр болж өнгөрч байна” гэв.
Харин тоглолтын цорын ганц гоолыг оруулсан Кай Хаверц “Би энэ мөчийг 15 жил хүлээлээ. Одоо ингээд энэ цомыг хүртээд зогсч байна” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн жил Францын ПСЖ-тэй түрүүлж чадаагүй ч энэ жил Челситэй түрүүлсэн дасгалжуулагч Томас Тухель “Залуус маань гайхалтай байлаа.
Бид үүнийг хийж чадлаа.
Энэ мэдрэмжийг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна.
Хоёр дахь удаагаа шигшээд шалгарсандаа баяртай байна.
Үнэхээр өөр байж чадлаа.
Баг маань үүнийг хүртэх эрхтэй.
Бид Ситигийн нүдэнд орсон бог, шүдэнд орсон мах байхыг хүссэн” гэв.
Харин түүнээс шинэ гэрээний талаар асуухад “Магадгүй энэ ялалтын ачаар би шинэ гэрээ үзэглэх байх.
Би сая багийн эзэн Романтай уулзлаа.
Магадгүй энэ бидний анх уулзсан хамгийн гайхалтай эсвэл тохиромжгүй мөч байсан байх” гэжээ.
Челсигийн эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамовичийн хувьд виз, хилийн хоригийн улмаас Англи руу нэвтэрч, багийнхаа тоглолтыг үзэж чадахгүй байгаа бөгөөд урд шөнө Португалийн Порту хотод ирж, багийнхаа тоглолтыг үзэж, Томас Тухельтэй анх удаагаа уулзжээ.
Гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэн Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола тоглолтын дараа “Би хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргасан. Лион, ПСЖ, Дортмундын эсрэг тоглосон шигээ хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ л гаргалаа. Тоглогчид ч үүнийг мэдэж байгаа. Гюндоган сайн тоглосон. Бид багаараа сайн байсан” гэжээ.