Токиогийн рингэнд тулалдах Монголын боксчид Япон орныг зорив

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-17 03:00:11

Монголын боксын холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр өчигдөр /2021.07.15/ Хандгайт дахь Олимп цогцолборт зочилж “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэн, үдэн гаргалаа.

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөл 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулна. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Ж.Энхтөр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжууулагч А.Гантулга нар баг тамирчдаа дасгалжуулна. 

Токиогийн ринг дээр эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал нар эх орноо төлөөлөн хүчээ сорино. 

Монголын боксын Токиогийн олимпод хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьж байна. Тэд Японы Шизүока мужийн Шимада хотноо 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ базаах бөгөөд тэндээсээ Токиог зорин Олимпын тосгондоо очих юм байна.

Монголын боксын холбооноос болон боксын спортыг дэмжигч монгол түмнийхээ өмнөөс “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд хүчээ сорих баг тамирчиддаа “Ялалтын төлөө хамтдаа” хэмээх уриаг өргөн дэвшүүлж, амжилтын дээдийг хүсэн ерөөлөө. 

Ташрамд сонирхуулахад, Монголын боксчид олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медальтан төрсөн билээ.  

Холбоотой мэдээ