4 медаль хүртсэн 32 дахь их наадам
СпортМонгол Улс Токиогийн олимпын 10 спортын төрөлд 43 тамирчнаа илгээсэн. Үүнээс жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн Б.Болортуяа хүрэл медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 71 байранд бичигдэв.
Байт харваа
Энэхүү төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар оролцсон. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд эхний шатандаа Хятадын тамирчин Ли-тэй учраа таарч, 4-6 гэсэн харьцаатай ялагдал хүлээн тэмцээнээ өндөрүүлсэн. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Б.Урантунгалаг эхний шатандаа Японы тамирчин Ямаүчитэй харваж, 2:6-гийн харьцаатай мөн ялагдав. Холимог багийн төрөлд хоёр тамирчин маань урьдчилсан шатаа даваагүй.
Бокс
Эрэгтэй 63 кг-ын жинд Б.Чинзориг эхний тулаанаа Узбекистаны Абдураимовтой хийж, 1:4-ийн гэсэн харьцаатай ялагдаж, олимпоо өндөрлүүлсэн. Түүний адилаар эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд өрсөлдсөн М.Мягмаржаргал эхний шатнаасаа тэмцээнээ дуусгав. Тэрбээр Их Британийн Лорен Прайстай тулалдаж, 0:5-ын харьцаатай ялагдсан.
М.Мягмаржаргал нь олимпын наадамд оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин болов.
Харин эрэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр эхлээд Кенийн Окотыг, дараа нь Вьетнамын Нгүенийг тус тус ялсан. Гэвч шөвгийн наймд Оросын тамирчин Батыргазиевтай тулалдаж, 2:3 гэсэн харьцаатай ялагдсан. Манай тамирчин тухайн тулааны эхний хоёр үед илт давуу байсан ч сүүлийн үед тактикийн алдаа гаргаж, харамсалтайгаар ялалтаа алдсан. Монголын олимпын хороо дээрх тулаантай холбоотой гомдол гаргасан ч зохион байгуулагчдын зүгээс ямар ч асуудалгүй гэж дүгнэсэн.Боксын шүүлттэй холбоотой гомдол Монголоор хязгаарлагдаагүй билээ.
Сонирхуулахад, Ц.Цэндбаатарыг ялсан Орос тамирчин олимпын аварга болсон билээ.
Буудлага
Монголын буудлагын дөрвөн тамирчин тус бүр хоёр ганцаарчилсан төрлийн тэмцээнд өрсөлдсөн. Эндээс Э.Даваахүү, Ц.Анударь нар хамгийн өндөр амжилтыг үзүүлэв. Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны финалд шалгарахад нэг оноо дутаж, 13-р байранд орсон бол Ц.Анударь эмэгтэйчүүдийн 10м метрийн хийн гар бууны финалд шалгарахад мөн ганц оноо дутаж, есдүгээр байр эзлэв.
Бусад төрөлд оролцсон О.Гүндэгмаа, О.Есүгэн нарын хувьд 34, 26-р байр эзэлжээ.
Жүдо
Жүдогийн баг түүхэн амжилт үзүүлж, нэг олимпоос гурван медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд зодоглосон Ц.Цогтбаатарыг олимп, дэлхийн аварга Шохэй Оногоос өөр хүн дийлээгүй гэхэд хилсдэхгүй. Манай тамирчин Гвинейн Ба, Монакогийн Бесси, Косовогийн Гжакова, Канадын Маргелидон нарыг буулган авч, хүрэл медаль хүртсэн.
Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд хүч сорьсон Саид Моллаей алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөхөд тахимаа өгөв. Тэрбээр эхлээд Казахстаны Хамзаг, дараа нь Азербайжаны Фатиев, Гүржийн Григалашвили, Австрийн Борчашвили нарыг цувуулан ялж, аваргын төлөө шалгарсан. Харамсалтай нь, Японы бөх Нагасэ алтан медаль авах хувьтай байжээ.
Ё.Басхүү хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд ялагдаж, долдугаар байр эзэлсэн. Бусад тамирчдын хувьд эхний болон хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээсэн юм.
Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн медальтнууд таавар ёсоор тодорсон. М.Уранцэцэг хүрэл медаль хүртэхийн төлөө Чилийн Варгас, Израилийн Ришони, Португалын Коста нарыг ялсан. Түүний ганц ялагдсан өрсөлдөгч нь Токиогийн олимпын аварга болсон Косовогийн Красники.
Бусад эмэгтэй бөхчүүдийн хувьд эхний эсвэл хоёрдугаар тойрогтоо ялагджээ.
Холимог баг тун сайн эхлэлийг тавьж, Өмнөд Солонгосыг 4-1-ээр ялсан. Харамсалтай нь, Герман болон Оросын багуудад дараалан ялагдаж, олимпоо өндөрлүүлсэн.
Усан сэлэлт
Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах тэмцээнд оролцсон М.Дэлгэрхүү 48-р байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах тэмцээнд хүч сорьсон Б.Энххүслэн 51-р байрт шалгарчээ.
Хөнгөн атлетик
Монголын баг тамирчдын олимпын хаалтыг хийж, Ц.Бямбажав, Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа нар марафон гүйлтэнд оролцсон. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтэнд Б.Мөнхзаяа 45-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн марафонд Ц.Бямбажав 55-р байранд орж, Б.Сэр-Од замаа дуусгаж, чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Хүндийн өргөлт
Эх орноо төлөөлөн хоёр эмэгтэй тамирчин Токиод хүчээ үзсэн. +87 кг-ын жинд Э.Билэгсайхан нийт 207 кг өргөж, 12-р байр эзэлсэн бол -87 кг-ын жинд М.Анхцэцэг нийт 252 кг өргөж, хүрэл медалиас атгаад алдсан.
Чөлөөт бөх
Чөлөөт бөхийн тамирчид түүхэн амжилт үзүүлж, таван тамирчин медалийн төлөө барилдаж, нэг хүрэл, дөрвөн шагналт тавдугаар байраар олимпоо өндөрлүүлсэн.
Хүрэл медалийн төлөө дараах тамирчид ялагдсан.
Эрэгтэйчүүдийн -125 кг-ын М.Лхагвагэрэл Туркийн Акгульд, эмэгтэйчүүдийн -50 кг-ын Ц.Намуунцэцэг Азербайжаны Стадникт, эмэгтэйчүүдийн -57 кг-ын Б.Хонгорзул АНУ-ын Марулист, эмэгтэйчүүдийн -68 кг-ын С.Батцэцэг Киргизстаны Жуманазаровад тус тус ялагдсан.
Ганц медалийг нь Б.Болортуяа хүртсэн. Эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр хүрлийн төлөө Камеруны Эссомбег ялсан. Нийт оролцсон есөн бөхийн гурав нь эхний эсвэл хоёрдугаар шатандаа хасагдсан аж.
Ширээний теннис
Монгол Улс түүхэндээ анх удаагаа олимпын ширээний теннисний төрөлд тамирчдаа илгээсэн. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ түүхэн амжилтын эзэн болж, эхний тоглолтондоо Тунисийн тамирчинг ялсан. Харин хоёрдугаар шатандаа Чилийн туршлагатай тамирчин Вегад хожигдов. Тэгвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Лхагвасүрэн эхний тоглолтоо АНУ-ын Кумарыг эсрэг хийж, ялагдан нутаг буцсан.
3х3 сагсан бөмбөг
Монгол Улс багийн спортоор анх удаагаа олимпод орсон нь 3х3 сагсан бөмбөг байсан. Манай эмэгтэй баг нийт долоон тоглолт хийж, ганц ч ялалт аваагүй ч чадахаараа хичээж, түүх бүтээсэн. Тэд тэмцээний эхний өдөр Италитай, сүүлийн өдөр Францын бүсгүйчүүдтэй тун тэнцүүхэн өрсөлдсөн гэдгийг санах хэрэгтэй. Олимпын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд дэлхийн шилдэг наймхан баг оролцсон.
Олимп дэнсэлсэн Монгол шүүгчид
Олимпын жүдо бөхийн тэмцээний шүүгчээр Т.Энхцэцэг, хүндийн өргөлтийн тэмцээний шүүгчээр Л.Одгэрэл, байт харвааны тэмцээний шүүгчээр Э.Саруул, олимпын боксын шүүгчээр О.Мандахбаяр, Т.Цогтгэрэл нар тус тус ажиллав.
Манай тамирчдыг дагасан асуудлууд цөөнгүй гарсан. Эхлээд учир мэдэхгүй хүмүүс 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг дээр хэл ам таталсан. Анхнаасаа зургаан тамирчин Токиог зорьж, дөрөв нь олимпод орох байсан. Аль ч хоёр тамирчин нь хасагдах боломжтой байв. 3х3 сагсан бөмбөгийн холбоо ч бэлтгэлийн ирц, бэртэл гэмтлийг нь харгалзан үзэж, хоёр тамирчнаа буцаасан. Дараа нь буудлагынхан багшаа, жүдогийнхон эмчээ орхиж явсан асуудлууд иргэдийг бухимдуулав. Олон нийт ч Токиог зорьсон Монголын албаны хүмүүсийн нэрсийг ил гаргахыг шаардсан.
Энэ олимпод зориулж бүхэл бүтэн эмч, хоол зүйч, сэтгэлзүйч нарын баг ажилласан билээ.
Мөн бэртэл гэмтэл манай тамирчдад их тохиосон. Тухайлбал, 3х3 сагсан бөмбөгийн багийн гишүүн Э.Чимэддолгор дунд хуруугаа хугалсан, буудлагын Ц.Анударь мухар олгойгоор өвдсөн, жүдогийн Д.Сумъяа мөрөө мулталсан, жүдогийн Ц.Цогтбаатар, хүндийн өргөлтийн М.Анхцэцэг хоёр хөлөө гэмтээсэн зэрэг бэртлүүд бүртгэгдсэн.