Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдсан ч шийдэл олсонгүй

Спорт
khiimori.co@gmail.com
2022-01-19 00:49:33

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр /2021.01.18/ үүсээд буй нөхцөл байдлын талаар хуралдсан ч шийдэл олж чадалгүй таржээ. Энэхүү хуралд даян аварга Н.Батсуурь оролцож, өөрийн байр сууриа илэрхийлж, удахгүй болох сар шинийн барилдаанд барилдана гэдгээ мэдэгдсэн аж. Ийнхүү шийдэл олоогүй ширүүхэн үргэлжилсэн тэргүүлэгчдийн хурал ирэх Баасан гаригт дахин хуралдахаар товложээ.

Өнгөрсөн амралтын өдөр "Жем интернэйшнл" группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлсэн ч зарим бөхчүүд эсэргүүцэл үзүүлж, улмаар барилдаан цуцлагдсан билээ. Тодруулбал, улсын харцага О.Хангай, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва зэрэг допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг барилдахыг эсэргүүцэж, барилдаагүй юм. Энэ байдлыг засч, залруулахгүй бол сар шинийн барилдаанаар мөн ийм байдал үүсч, бөхчүүд талцаж, улмаар уламжлалт барилдаан цуцлагдах нөхцөл үүсээд байна.

Барилдах эрхээ 11 сараар хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Бат-Орших нарын барилдах эрх сэргэсэн нь маргаан дагуулаад байна.

Өдгөө бөхийн холбооны тэргүүлэгчид болон үүрэг гүйцэтгэгчээр дараах төлөөлөл ажиллаж байна. Үүнд:

  1. Улсын арслан Д.Ганхуяг
  2. Улсын арслан Д.Азжаргал
  3. Улсын гарьд Б.Гантогтох
  4. Улсын гарьд Д.Рагчаа
  5. Улсын гарьд И.Доржсамбуу
  6. Улсын харцага Г.Элбэг
  7. Улсын харцага Л.Бадарч
  8. Улсын харцага Д.Батболд
  9. Улсын начин Д.Жанчивдорж
  10. Гарын даа Ё.Амарбаясгалан
  11. Улсын засуул Р.Сампилдондов
  12. Бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу
  13. Бөх судлаач Л. Ням
  14. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав
  15. Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл
Холбоотой мэдээ