Энэ бол доромжлол" | Хятадын уран гулгагч Жу И үзэн ядалтын бай болов
СпортАНУ-д төрсөн, БНХАУ-ын уран гулгагч Жу И Бээжэин-2022 өвлийн олимпын уран гулгалтын багийн төрөлд Хятадын нэрийн өмнөөс оролцсон. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, богино үзүүлбэрээр 47,03 оноо авч, хамгийн сүүлд бичигдсэн нь хятадуудын дургүйцлийг хүргэжээ. Өдгөө 19 настай түүний үзүүлбэрийн үеэр унаж буй богино бичлэгийг "Weibo" сүлжээнд "Унаж буй Жу И" нэрээр оруулсныг хэдхэн цагийн дотор 200 сая хүн үзсэн байна.
АНУ-д төрсөн хүнийг яахаараа Хятадын нэрийн өмнөөс тэмцээнд оруулав гэсэн шүүмж Хятадын нийгмийн сүлжээнд хүчтэй өрнөж байсан дээр хамгийн сүүлийн байранд орсон нь нэмэгдээд үзэн ядалтын бай болж байгаа нь энэ.
Түүний бичлэгийн дор "Энэ бол доромжлол" гэсэн сэтгэгдлийг 11000 хүн дэмжжээ.
Жу И богино үзүүлбэртээ хоёр удаа унасан. Чөлөөт үзүүлбэртээ ч мөн адил хоёр удаа унаж, 91,41 оноогоор сүүлийн байрт бичигдсэн. Ингэснээр багтаа 1 болон 6 гэсэн оноо авчирсан нь хүрэл медалийн төлөө Японы багтай өрсөлдөж байсан Хятадын багийг хойш чангаасан билээ. Улмаар уран гулгалтын багийн төрөлд ОХУ тэргүүлж, АНУ, Япон, Канадын баг удаалж, БНХАУ 50 оноогоор тавдугаарт жагссан юм.
"Миний уур хүрч, бас ичиж байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд намайг өрсөлдүүлэхээр сонгосныг Хятадад байгаа хүн бүр гайхан хүлээж авсныг би мэдэрсэн. Энэ нь надад сэтгэл зүйн дарамт болсон ч би юу чаддагаа харуулж, өөрийгаа батлах болно гэж бодсон. Харамсалтай нь чадсангүй" хэмээн Жу И ярилцлагын үеэр хэлжээ.
Жу И Лос Анжелест төрсөн бөгөөд 2018 онд БНХАУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байхаар шийдэж, АНУ-ын иргэншлээсээ татгалзсан. Мөн Беверли Жу хэмээх нэрээ Жу И болгон өөрчилсөн юм.
Гэвч түүнийг хятадаар сайн ярьдаггүй хэмээн нутаг нэгтнүүд нь шүүмжилж, "Үндсэрхэг үзэл ярихаасаа өмнө хятад хэлээ эхлээд сурчих" гэцгээж байв.