Камила Валиева: Үнэнийг хэлэхэд надад баярлах хүч үлдсэнгүй

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-16 15:06:08

Допингийн асуудалд ороод байсан ОХУ-ын тамирчин Камила Валиеваг Бээжингийн олимпын наадамд оролцуулах шийдвэрийг өчигдөр (2022.02.14) Спортын арбитрын шүүхээс гаргасан билээ. 

Энэхүү баярт мэдээг сонссон 15 настай охинд баярлаж, инээх тэнхээ ч үлдээгүй байжээ.

Сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд орсон Камилад маш хүнд байсан нь мэдээж. Олимп эхлэснээс хойш тэр сэтгэлийн хэд хэдэн хүчтэй цочролд орсон.

Багийн дүнгээр түрүүлж баярласнаа, допингийн сорьцоо дуулж, шоконд ороод. Тэмцээнээс хасагдсанаа эргэн ирж, бэлтгэлээ хийгээд. Шүүх хуралд оролцож, цагаадсан гээд л хэдхэн хоногийн дотор маш их зүйл болж өнгөрлөө.

Спортын арбитрын шүүхээс түүнд олимпод оролцох зөвшөөрөл өгснийг Камила бэлтгэлийн танхимд сонсжээ.

Тэмцээнээс нэг хоногийн өмнө гэсэн үг. Этери Тутберидзе багш нь гар утсаараа мэдээ үзүүлэхэд Валиева “Ура” гэж чимээгүйхэн хэлээд, бэлтгэлээ үргэлжлүүлсэн гэнэ.

“Ингээд л болоо юу” гэж багш нь асуухад “Үнэнийг хэлэхэд надад ямар ч хүч тэнхээ алга” гэж хэлээд, гар утсаараа дахин мэдээг үзэж, нулимс унагажээ. 

ОХУ-ын Первый канал сувгийн сэтгүүлчид тэрээр “Сүүлийн хэдэн өдөр миний хувьд маш хэцүү байлаа. Одоо надад баярлаж, гуних чадал ч алга. Мэдээж олимпод орох болсондоо баяртай байгаа ч сэтгэл зүйн хувьд би маш их ядарлаа. Тийм болохоор нулимс асгараад байна. Аз жаргалаас гадна бага зэрэг харамсал мэдэрч байна. Гэхдээ олимпод оролцож, эх орноо төлөөлөх болсондоо баяртай байна. Сайн оролцоно гэж итгэж найдаж байна. Шүүх хурал 7 цаг үргэлжилж, дунд нь 20 минут л амарсан. Би суугаад л байсан. Маш хэцүү байлаа” гэж нулимс цийлэгнүүлэн ярьжээ.

Өвлийн олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өнөөдөр (2022.02.15) эхэлнэ.

Допингийн асуудалд ороод байсан ОХУ-ын тамирчин Камила Валиева албан ёсоор гулгах болсноор нийт 30 тамирчин гараанд гарахад бэлэн боллоо.

Гол өрсөлдөөн Орос, АНУ, Японы тамирчдын дунд өрнөх болно. Тэмцээн 18,00 цагаас эхэлнэ. 


Холбоотой мэдээ