Б.Анар: Мэдрэлийн ядаргаа нь хэт ачааллаас үүдэлтэй байдаг
Эрүүл мэндБ.Анар: Мэдрэлийн ядаргаа нь хэт ачааллаас үүдэлтэй байдаг
“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт ТТАХНЭ-ийн гэмтлийн тасгийн тэргүүлэх зэрэгтэй эмч, ахмад Б.Анартай ярилцлаа.
– Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Мэдрэлийн мэс заслын эмчилгээг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.
Энэ талаар эхлээд мэдээлэл хүргэхгүй юу?
– Мэдрэлийн мэс заслын алба нь анх Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх Ж.Хайрулла эмчийн шууд удирдлагаар 1971 оны 5 дугаар сарын 13-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт байгуулагдсан түүхтэй.
Тухайн үед Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн буурин дээр байсан юм.
Цаг үеийг даган мэдрэлийн алба нь бусад эмнэлгүүдэд салбарлан хөгжиж ирсэн.
2021 оны 02 дугаар сараас Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын шийдвэрээр, үндсэн багаараа Мэдрэлийн мэс заслын эмчилгээг үзүүлэхээр төлөвлөн, тусламж үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.
– Танай эмнэлэгт мэдрэлийн чиглэлийн хэдэн төрлийн мэс заслыг хийж, нэвтрүүлээд байна вэ?
– Одоогийн байдлаар манай баг хамт олон гурван төрлийн мэс заслыг хийж байна.
1. Тархинд цус харвах үеийн мэс засал
2. Захын мэдрэл чөлөөлөх, нөхөн сэргээх
3. Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугалам хоорондох мөгөөрсний иврэлтийг авах, хиймэл жийргэвч суулгах болон нугалам бэхлэх мэс заслын төрлүүдийг амжилттай хийж байгаа.
– Цаашид мэдрэлийн мэс заслын нэр төрлүүд нэмэгдэх байх, яг ямар төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг түлхүү нэвтрүүлэхээр зорьж байна вэ?
– Мэдрэлийн мэс заслын алба бол багаж хэрэгсэл, техник технологи болон нарийн мэргэшсэн хүний нөөцийн багаас шууд хамааралтай байдаг.
Иймд мэс заслын төрөл, хүртээмж нэмэгдэх нь цаг хугацааны асуудал юм.
Мөн манай эмнэлгийн хамт олон Тархины харвалтын нэгж байгуулахаар зорьж байгаа.
– Сүүлийн жилүүдэд мэдрэлийн мэс заслын эмчилгээ, оношилгоо шаардлагатай ямар эмгэгүүд зонхилон тохиолдож байна вэ?
– Ихэвчлэн даралт ихсэлт болон судасны цүлхэнгийн шалтгаант тархины цус харвалт нэмэгдэж байна.
Үүнээс гадна тархи, нуруу нугасны хавдрын тохиолдлын тоо эрс ихсэх хандлагатай байгаа.
Тэр дундаа хоруу чанар өндөртэй хавдар нэмэгдэж байгаа нь сэтгэл зовоож байгаа асуудлуудын нэг юм.
– Тархины цус харвалтын гол эмчилгээ нь мэс заслын эмчилгээ гэж сонсон. Мэс засал хийлгүй эмээр эмчилж болох уу?
– Тодорхой шалтгааны улмаас тархины аль нэг хэсгийн судасны хана язарч тархины эдэд цус алдан, цусан хураа үүссэнээр тархи дарагдаж үйл ажиллагаа нь алдагддаг.
Энэ үед ухаан балартах, ухаан алдах, ухаангүй болж унтаарах, хэл ярианы өөрчлөлт, саа саажилт үүсэхээс гадна амь насанд ч аюул учирч болдог.
Аль болох тархины дарагдалыг хурдан чөлөөлөх тусам гарах эрсдэл, хүндрэл нь бага байдаг.
Тархины цус харвалтын хэмжээ, байрлалаас хамаарч мэс заслын бус эмийн эмчилгээ хийвэл үр дүн сайтай байдаг.
– Улиралд шилжих энэ үеэр хүмүүсийн ихэнх нь ядарч нойрмоглодог.
Үүнийг иргэд мэдрэлийн ядаргаа эсвэл хаврын ядаргаа гэж ярьдаг. Яагаад хаврын цагт ядаргаа ихэсдэг юм бэ?
– Хахир хүйтэн өвлийн улирал дуусч, урин хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн газар гэсэх үеэр хүний биоритм улирал шилжих хэсэгхэн хугацаанд эрчимждэг.
Энэ үед ядарч сульдах, архаг хууч өвчин нь сэдрэх гэм мэт шинжүүд их бага хэмжээгээр хэсэгхэн хугацаанд ажиглагдаад өнгөрдөг.
Харин мэдрэлийн ядаргаа буюу мэдрэл сульдал нь хэт ачааллаас үүдэлтэй байдаг.
Ажил амралт, хоол унд тэр тусмаа шөнийн нойр муу байхаас шууд хамааралтай болохоос улирал солигдохтой хамааралгүй байдаг.
– Мэдрэлийн ядаргааны үед ямар зовиур илрэх вэ.
Уурлаж, бухимдах, ядарч нойрмоглох нь энэ өвчний шинж тэмдэг мөн үү?
– Тиймээ мөн.
Юуны түрүүнд тайван бус болж ухаан санаа төвлөрөхгүй, нойр хүрэх боловч унтаж чадахгүй, унтсан ч ойр орчны дуу чимээ мэдрэх, цухалдах нэг үгээ олон дахин давтаж, үглээ болдог.
Удалгүй толгой өвдөх, дүүнгэтэх, сэтгэн бодох чадвар алдагдах, артерийн даралт хэлбэлзэх, чих шуугих, толгой эргэх, архаг хууч өвчлөл сэдэрдэг.
Мэдрэлийн ядаргаанд ороод арга хэмжээ авалгүй явснаар архаг нойргүйдэл, дипресс, стресс, сэтгэл гутралд орж, сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог.
Ийм үед олон төрлийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг системтэйгээр авах шаардлагатай.
– Урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын ямар хэвшлийг дагах ёстой юм бэ?
– Хамгийн чухал нь шөнийн нойр гэж хэлмээр байна.
Энэ бол юугаар ч орлуулж болдоггүй хамгийн сайн эмчилгээ юм.
Тархи нь хүнийг шөнө унтаж байхад хамгийн идэвхтэй ажиллаж байдаг эрхтэн.
Өөрөөр хэлбэл хүний биеийн гэмтэлтэй болон хөгширсөн эд эсүүдийг шинэ залуу эсээр сольж нөхөн сэргээж байдаг.
Иймээс шөнийн нойр хамгийн үнэ цэнтэй нь юм.
Дараа нь мэдээж амралт.
Өдрийн урт ажлын дундуур 5 минутыг өөртөө зарцуулж, хийж буй ажлаасаа сатаарах хэрэгтэй.
Энэ нь тархинд хэт ачаалал үүсэхээс сэргийлж, эргээд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.
Түүнчлэн ажил болон гэр бүлээ тусад нь байлга гэж хэлмээр байна.
Ажил дээр болсон бүх зүйлсийг гэрийнхээ хаалганы гадна үлдээх хэрэгтэй.
Ингэснээр гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, тархи амрах болно.
Бүх зүйлд цаг хугацаа, хэмжээ хязгаар байх хэрэгтэй.
Хязгаарыг давж ямар нэгэн зүйлд цаг хугацааг ихээр зарцуулбал эргээд заавал түүнийгээ нөхөх шаардлага гардаг.
Улмаар ажил амралтын хэмнэл алдагдаж, тархи болон бие хэт ачаалалд өртдөг.
Эцэст нь хэлэхэд тэжээллэг эрүүл хоол хүнсийг тогтмол хэрэглэх нь зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа.