ӨГЛӨӨНИЙ ГҮЙЛТ ХИЙХ НЬ ТАНД ИЙМ АЧ ТУСТАЙ
Эрүүл мэндУрин дулаан цаг иржээ.
Өглөө эрт гэрээсээ гарахад нар мандаж, болжмор шувуу жиргэж, хот нам гүм тайван байдаг.
Энэ үед та өөрийн эрүүл мэнддээ анхааран эрүүл хүнс хэрэглэж, спортоор хичээллэх нь чухал.
Хамгийн хямд бөгөөд үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх юм.
Өглөө эрт гүйснээр хүний биеийн булчин, зүрхний ажиллагааг маш сайн дасгалжуулахын зэрэгцээ хамгийн төгс боловсорсон байгалийн чичиргээт гимнастик юм.
Гүйхэд хүний бүх эрхтэн, зүрх, ходоод, элэг, бөөрийг массажилж байхаар байгалиас зохицолдсон байдаг.
Нэг үгээр хэлбэл байгалиас бидэнд үнэгүйгээр олдсон төгс эмч гэж ойлгож болно.
Гүйлт танд ямар ач тустайг дурьдъя.
1.Гүйлт нь эдийн засгийн ач холбогдолтой.
Гадаа, эрүүл агаарт гүйх нь ямар ч үнэ төлбөргүй.
Гүйлт нь эрүүл мэнддээ анхаарал тавих хялбар шийдэл.
2. Гүйлт нь суугаа хөдөлгөөнгүй байдлаас хуримтлагдсан уур уцаар, стресс, хорт бодисыг шатааж үгүй болгоно.
3. Гүйхэд биеийн бүх булчин зэрэг ажиллаж жигд хөгжинө.
4. Гүйлт нь тархины үйл ажиллагааг сэргээж, ялангуяа ухаан бодлоо төвлөрүүлж сурахад тусалдаг.
5. Гүйлт ажлын үр бүтээл өндөрсгөж ачаалал даах чадвар нэмэгдүүлнэ.
6. Гүйлт нь тэвчээр, урам зориг бэлэглэж өөрийгөө ялан дийлэх хөтөч болно.
7. Гүйлтээр өөдрөг, урам зоригоор дүүрэн олон сайхан найз нөхөдтэй болно гэхчилэн маш олон ач холбогдолтой.
Гүйлт нь хувь хүний хөгжилд ч нөлөөлдөг.
Тухайлбал өөрийгөө ялан дийлэх, төвлөрөх, баригдмал сэтгэлгээг давах, дадал бий болгох, эрүүл мэнд гэхчилэн таны бодосноос ч гайхалтай үр дүнг танд өгнө.
Харин гүйлтийн техникийн хувьд зөвхөн хамраараа амьсгал авч гаргах хэрэгтэй.
Хөлийнхөө өлмийг эхлээд газарт буулгаж, маш хөнгөн гүйх хэрэгтэй.
Өсгий дээрээ буулгавал бие доргиж, сөрөг нөлөө үзүүлнэ.
Гараа чөлөөтэй хөдөлгөж, хэт чангалж болохгүй.
Биедээ хэт ачаалал өгч, өөрийгөө зовтол гүйлгүйгээр, жаахан ядраах төдий ачаалал өгөхөд л болно.
Анх гүйхэд бие буларч хөндүүр болох нь хэвийн үзүүлэлт юм.
Гүйлтээр хичээллэж байгаа тохиолдолд таны даралт багасч, ясны бүтэц сайжирч хожим ясны сийрэгжилт болохоос урьдчилан сэргийлж чадна.
Физиологийн хувьд сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн тогтоожээ.
Хэрэв та гүйхээр шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай.
Анхлан гүйж эхэлж байгаа хүмүүст мэргэжлийн багш нар гол төлөв найман долоо хоног төлөвлөгөөний дагуу хичээллэхийг санал болгодог байна.
Жишээлбэл,
эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүй.
Үүнийгээ гурван удаа давтан хийгээрэй.
Харин дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгоод гүйлтээ хоёр минут болгон мөн л гурван удаа давтах зэргээр найман долоо хоног үргэлжлэх юм.
Энэ мэтээр долоо, долоо хоногоор алхалт, гүйлт хоёроо ахиулах маягаар найман долоо хоногийн турш хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг байна.
Гэхдээ та гүйж байхдаа хүнтэй ярьж чадахуйц байдлаар хэтэрхий амьсгаадахгүй байхаар зөөлөн гүйх ёстой.
Гүйж дууссаныхаа дараа заавал ус ууж, алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй.
Гүйж байхдаа ч бага багаар балгах ёстойг анхаараарай.
Өглөө эрт хүний толгой сэргэг, аливаа зүйлийг хурдан хүлээж авдаг.
Иймээс та гүйж байхдаа англи, хятад хэл гэхчилэн өөрийн сонирхож буй гадаад хэлнийхээ мэдлэгийг сайжруулж, шинэ үгээ цээжилж болох юм.
Мөн өөрийн дуртай дуугаа сонсон, сэтгэлийн бясалгал хийж өөрийгөө стрессгүй тайван байлгахад тус болно.
Хийморь Чука