Розенханы туршилт: Сэтгэцийн эмнэлгүүдтэй дайн зарласан нь

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-05-22 15:45:13


Оршлын оронд

1990-ээд оны дунд үеэр Шар хадны эмнэлгийн сэтгэцийн өвчтэй хүмүүстэй уулзах  нэгэн хувь надад тохиолдсон юм. 

Эмч өвчтөнүүдийг зэрэгцүүлэн суулгаад янз бүрийн ажил амьдралын юм асууж ярилцаж байсан ба тэдний дунд өвчин нь хөдөлсөн үедээ аймшигтай, цуутай гэмт хэрэг хийсэн хүмүүс ч байлаа. 

Олонх өвчтөн маань нэгэн хэвийн юм ярих ба яагаад энэ эмнэлэгт ирсэн тухай асуултад тун товчхон хариулж байв. 

Гэтэл нэлээд цаана сууж байсан залуу гэв гэнэт

-Эмчээ би одоо харимаар байна. 

Энд бүтэн сар зүгээр хоригдлоо.

Ирсэн хувцас хунартайгаа шахам л байж байна.

Ядаж дотуур хувцсаа сольж болохгүй хэцүү байна ш дээ.

Ард үлдсэн гэрийнхэн намайг энд байгаа гэж зүүдлэх ч үгүй хайж байгаа...

Эмч:

- чи чинь хэн билээ?

Хэзээ, яагаад ирсэн билээ?

-намайг ... гэдэг. 

Зүгээр байхад л гэнэт барьж аваад энд авчирсан. 

Энэ сонин хүмүүстэй цуг бүтэн сар болоход би өөрөө ч сонин болох шинжтэй. 

Та нар шалгах юмаа шалгаад, ядаж намайг эрүүл өвчтэйг нь тогтоох шинжилгээ энэ тэрээ хийгээч. 

Хүнийг ингээд зүгээр хорьж болохгүй ш д. 

Хэлэхээр өмнөөс өвчтэй хүн гэж ойлгоод  доог тохуу хийгээд байна танай эмч, сувилагч нар чинь. 

Одоо харин гадны хэд хэдэн хүн байгаа дээр хэлчихье. 

Намайг шинжлээд, тэр дүгнэлтээ гаргаад өг. 

Зүгээр энд ингээд хориод байж болохгүй... 

Энэ залуу тун ч эмх цэгцтэй  ярьж байсан ба миний дотор “хүнийг энд хаяад таг мартчих сонирхолтой хүмүүс, нийгэм байдаг гэсэн” мэтийн юм бодогдож эхэлсэн бөгөөд  залууг ярих тусам л энэ бодол улам бүр хүчтэй болж байлаа.

Харин эмч маань залуугийн ярихыг сонсоод их гайхаж байгаа шинжтэйгээр янз бүрийн асуулт асуусаар...

Удалгүй өнөө залуу маань "...Германы тагнуулын ажлаа дуусаад яг урагшаа хил даваад явах гэж байхад Оросын муусайн КГБ-ийнхэн ирж барих гээд, хэд хэдэн Оросыг буудаж, каратадаж нухаад..." болоод явчихдаг байна шүү.

Хөөрхий залууг ингэж ярьж байх үед би эмчийг нь гайхан биширч, аргагүй л мэргэжлийн хүн өөр юм даа, хүний өвчнийг  хэдэн асуултаар ил гаргаад ирж байна гэж бодож байлаа. 

Бидэнд л өвчтөний байдлыг харуулах гэж олон юм асууж байсан болохоос шаардлагатай үед эмч нар сэтгэцийн өвчтэй хүнийг бараг хараад л таних юм байна гэж ойлгодог болсон юм.

Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг, сэтгэцийн өвчтэй хүнийг тодорхойлох өнөөгийн анагаах ухааны арга барил нь үндсээрээ буруу гэдгийг Америкийн нэгэн эрдэмтэн туршилтаар баталсан байна. 


Розенханы туршилт


Сэтгэл судлаач Дэвид Розенхан хүнийг сэтгэцийн өвчтэй эсэхийг үнэн бодитойгоор тогтоох боломж тун бага гэдгийг батлах зорилгоор 1973 онд нэгэн туршилт хийжээ.

Туршилтад Дэвид  өөртэйгөө нийлээд 8 хүн сонгож авсан ба тэд нар нь сэтгэл судлаач, зураач, гэрийн эзэгтэй гээд олон янзын ажил мэргэжилтэй хүмүүс байв.

Эдгээр хүмүүс хөдөө, хотын янз бүрийн эмнэлэг дээр очин элдэв дуу чимээ сонсдог болсон тухайгаа хэлж үзүүлэх ба  эмч нар тэднийг өвчтөн гэж оношловол бодит үнэнийг хэлэхээр тохирсон байлаа.

Ингээд сонгож авсан эмнэлэгтээ очин үзүүлж эхэлсэн ба бүгд л сэтгэцийн өвчтэй гэдэг онош тогтоолгосон ба өвчтөн биш, туршилт хийсэн юм гэсэн үгийг нь хэн ч тоолгүй, хүчээр курс эмчилгээ хийсний дараа л (зарим нь өвчтэй гэж хүлээн зөвшөөрч байж) эмнэлгээс гаргасан байна.

Розенхан туршилтаа үргэлжлүүлэхээр шийджээ...

Одоо тэрээр өөр хэсэг бүлэг хүн туршилтдаа сонгож аван АНУ-ын 5 мужийн, 12 сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр хүмүүсээ авч очиж үзүүлсэн байна.

Туршилтад оролцогч нар маань мөн л хий юм сонсдог болсон зовиураа ярих ба “унаж байна”, “хов хоосон”  (empty, hollow, thud) гэх мэтийн үг сонсогддог гэж хэлэх ёстой байлаа.

Эдгээр үгсийг Розенхан зүгээр нэг сонгож аваагүй бөгөөд зарим сэтгэцийн өвчний илрэх шинж чанар нь иймэрхүү үгсийг хий сонсох явдал гэж үздэг байжээ. 

Эмнэлэгт үзүүлсний дараа эдгээр хүмүүсийг бүгдийг нь өвчтэй гэж оношилсон бөгөөд 7 хүнийг шизофрен өвчтэй, 1 хүнийг депрессийн гаралтай сэтгэцийн эмгэгтэй  гэж тодорхойлоод сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ.


Эмнэлэгт очсон “өвчтнүүд” шууд зүгээр болсноо гайхаж, ямар ч хий дуу чимээ сонсохоо больсон тухайгаа зарлаж эхэлсэн боловч эмнэлгийн ажилтнуудад энэ нь ямар ч нөлөө үзүүлсэнгүй. 

Ингээд дунджаар 19 хоногийн дараа “өвчтөнүүд” янз бүрийн арга замаар эмнэлгээс гарсан ба туршилтад оролцогч нэг хүнд бүр 52 хоног шаардагдсан байна. 

Эдгээр хүмүүс хэдийгээр эмнэлэгээс гарсан боловч бүгдийг нь сэтгэцийн өвчтэй, хяналтад байх ёстой хүмүүсийн тоонд оруулан бүртгэн авсан байна.

Энэ бүхний дараа Розенхан туршилтынхаа тухай дэлгэрэнгүй тайлан бичиж  сэтгүүлд нийтэллээ. Нийтлэлийн дараа ёстой л шуурга гээч нь болсон бөгөөд Розенханыг худалч, мэхлэгч, туршилт хийсэн арга нь буруу, шинжлэх ухааны үндэсгүй зэрэг янз бүрээр шүүмжилж эхэлсэн байна.

Олон сэтгэл мэдрэлийн эмч нар иймэрхүү жижиг зальд хууртагдахгүй, өвчтөнийг яг таг илрүүлж, тодорхойлж чадна хэмээн ам шүд алдаж байсан гэдэг.

Нэгэн томоохон сэтгэцийн эмнэлгийн нэр алдартай эмч өөрөө Розенхантай холбогдон тодорхой хугацааны дотор, урьдчилан хэлэлгүйгээр, нууцаар, шинэ хуурамч өвчтөнүүд олж,  явуулж шинжлүүлэхийг шаардсан ба бүх  хуурамч өвчтөнүүдийг чинь илрүүлэх болно хэмээн ил тод зарласан байна.

Розенхан ч халз тулааны дуудлагыг хүлээн авлаа.

Дараагийн 3 сард өнөөх эмчийн эмнэлэг маш идэвхтэй ажиллан 193 өвчтөнд үзлэг хийсний 19-ийг  Розенханы явуулсан хуурамч өвчтөн гэж тодорхойлсон ба 42 хүнийг бас Розенханы өвчтөн байж магадгүй гэж сэжиглэж байгаагаа зарлажээ.

Эмч хэчнээн хүнийг зөв тодорхойлсон гээч? Розенхан хэдэн хүн явуулсан юм бол?

Розенхан ганц ч хүн явуулаагүй байна. 

Тэдгээр 19 хүн, мөн сэжигтэй 42 хүн бүгд янз бүрийн сэтгэцийн өвчтэй хүмүүс байсан гэдэг бөгөөд анагаах ухаанд их шуугиан тарьсан Розенханы туршилтыг аажмаар мартуулж, чимээгүй болгосон гэдэг яриа бий.

Энэ туршилтын явцад харин нэгэн зүйл ажиглагдсан нь, эмнэлэгт хүргэгдэн очсон хуурамч өвчтөнүүдийг жинхэнээрээ эрүүл гэдэгт хэсэг хүн дүүрэн итгэлтэй, тэрийгээ ил хэлж байсан бөгөөд тэдгээр нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жинхэнэ өвчтөнүүд байлаа.

Мөн хуурамч өвчтөнүүд маань эмнэлэгт байх хугацаандаа өгч байсан эмийг нь бие засах газар хаяж байхыг эмнэлгийн ажилтан нар мэдээгүй, тийм хэмжээнд сэтгэж бодно гэж төсөөлж байгаагүй гэдэг.


Холбоотой мэдээ