Г.Ариунсайхан: ЭМД-ын шимтгэл төлөгч иргэн бүр рашаан, сувилалд хөнгөлөлт эдэлнэ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-19 21:32:42

ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын талаар ЭМДЕГ-ын ХАГГ-ын дарга Г.Ариунсайхан мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– ЭМДЕГ нийт хичнээн байгууллагуудтай гэрээтэй ажиллаж байна вэ?

– 2021 оны 6-р сарын 15-ны байдлаар ЭМДЕГ-тай нийт 2509  эрүүл мэндийн байгууллага гэрээ хийгээд ажиллаж байна. Тухайлбал улсын 71, хувийн хэвшлийн 190 эрүүл мэндийн байгууллага, 37 рашаан сувилал, 1700 эмийн сан, 511 өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүд байна.

-Урин цаг ирсэн энэ үед даатгуулагчид рашаан сувилалд хэвтэж, үйлчилгээ авдаг. ЭМДЕГ-тай гэрээ хийсэн рашаан сувилал хэд байна вэ. Сувиллын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

– ЭМДЕГ-тай 37 рашаан, сувилал гэрээ байгуулсан. Рашаан, сувиллыг Эрүүл мэндийн тухай хуулинд чанар нөөц нь тогтоогдсон рашаан болон байгалийн бусад нөөцийг ашиглаж сэргээн засах, уламжлалтын тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага гэж тодорхойлсон байгаа. Дээрх 37 сувиллаас 27 нь сэргээн засах, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Есөн сувилал нь дагнасан сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг. Мөн 37 сувиллаас 13 нь иргэнээс нэмэлтээр төлбөр авахаар гэрээ хийгдсэн.

-ЭМДС-аас хэдэн төгрөгийг рашаан сувилалд зарцуулаад байна вэ. Сувилал бүр харилцан адилгүй үнэтэй юу?

– Аль сувилалд очвол нэмэлт төлбөр авах уу, хаана нь очвол даатгалаараа хамрагдах вэ гэдийг ЭМДЕГ-ын веб хуудсаас харах боломжтой. Дээрх 37 сувилалд сэргээн засах тусламж үйлчилгээ авах юм бол 250 мянган төгрөгний хөнгөлөлтийг даатгалын сангаас авна. Уламжлалт анагаах ухааны үйлчилгээ авбал 319-517 мянга хүртэл төгрөгийн хөнгөлөлтийг даатгалын сангаас иргэн танд олгоно. Мөн ЭМД-ын үндэсний зөвлөлийн 3-р тогтоолын дагуу уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлсэн 14 оношийн хамааралтай бүлгээр 56-91 мянган төгрөгний хамтын төлбөрийг иргэн төлнө. Мөн дээр дурдсан 13 сувилалд иргэн сэргээн засах үйлчилгээ авбал хамтын төлбөрөөс гадна 35-550 мянга хүртэл  нэмэлт төлбөр төлөхөөр байгаа.

-Яг ямар сувилалд сувилуулахад иргэд нэмэлт төлбөр төлж байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдэд иргэн, даатгуулагч тусламж үйлчилгээ авахдаа хэдэн төгрөг төлөх вэ гэдгээ мэддэггүй байсан. Харин  энэ жилээс дээрх 13 байгууллагатай хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлтээр тусламж үйлчилгээ авбал яг хэдэн төгрөг төлөх вэ гэдэг тооцоог гаргаж, тухайн сувилалтай байгуулсан гэрээндээ тусгаж оруулсан байгаа.

Ямар сувиллуудтай нэмэлт гэрээ хийгээд байна вэ гэхээр, миний дээр дурдсан нөөц нь тогтоогдсон рашаан, элс шавар байгалийн нөөц орд газрыг тусламж үйлчилгээндээ ашиглаж байгаа газруудтай нэмэлт  төлбөрийн гэрээ хийгдсэн гэсэн үг.

– Гэрээ байгуулсан рашаан сувилалд бүх иргэд хөнгөлөлт эдлэх үү?

– Бүх иргэд биш. ЭМД-ын шимтгэл төлөгч иргэн бүр рашаан, сувилалд хөнгөлөлт эдэлнэ. Мөн төр шимтгэлийг нь даадаг 0-18 насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сувилалд хөнгөлөлт эдэлж болно.

– Жилдээ хэдэн удаа сувилуулах боломжтой вэ?

–  Хязгаар тогтоосон зүйл байхгүй. Гэхдээ энэ нь амралтын газар биш эрүүл мэндийн байгууллага учир эмчийн зөвлөмжийн дагуу холбогдох материалаа бүрдүүлээд тусламж, үйлчилгээгээ авна. Зарим нэг өвчний оношоор сэргээн засах үйлчилгээг удаан хугацаагаар үзүүлэх, олон дахин хэвтэх тохиолдолд хязгаар тогтоохгүй. Өвчнийхөө оношоор хэвтэж болно.

– Рашаан, сувилалд очихдоо тухайн иргэн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

– Илгээх бичгийг харьяаллын эмнэлгээрээ баталгаажуулж авна. Холбогдох амбулаторт, шинжилгээг өгсний үндсэн дээр иргэний үнэмлэх, амбулаторийн картын хамт сувилалдаа очиж үйлчилгээгээ авах нь. Харьяаллын эмнэлэг гэдэгт маань өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв гэх мэт бүх эмнэлэг орно. Эмчийн зөвлөсний дагуу хяналтын картаа үзүүлээд амбулаторийн үзлэг шинжилгээгээ өгөөд сувилалдаа очно.

Гэрээ байгуулсан 37 рашаан, сувиллын мэдээлэл.








Холбоотой мэдээ