ТАНЫ БҮСЭЛХИЙ, НУРУУГААР ЧИЛЖ ӨВДӨӨД БАЙНА УУ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-07 04:17:23

Бүсэлхий нуруугаар өвдөх зовиур хүн амын дунд нэн элбэг тохиолддог эмгэгийн нэг юм. 

Нуруу нь хүний тулгуур эрхтэн тул тайван байдлын үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрч байдаг. 

Ялангуяа, бөхийх, тонгойх үед нурууны ачаалал эрс нэмэгддэг. 

Нугасны мэдрэлийн ёзоорын эмгэгийг радикулопати, нугалам хоорондын зөөлөн эдийг диск гэж нэрлэдэг. 

Хөдөлгөөний ачааллын улмаас дискийн цагирагт цууралт үүсч, уг цууралтаар дискийн цэлцгэр бөөм нурууны суваг руу шахагдаж бүлтийх буюу ивэрч гарах замаар нурууны тухайн сегментийн хүрээнд остеохондрозыг үүсгэдэг.

Нурууны остеохондрозын үеийн мэдрэлийн өвдөлтийг:

• Мэдрэлийн ёзоор цочролын хам шинж

• Мэдрэлийн ёзоор дарагдлын хам шинж гэж ангилдаг.

Нурууны остеохондрозын явцад ёзоор цочролын үе нь ёзоор дарагдлын үедээ шилжих хандлагатай байдаг.

Нугасны ёзоор цочролын хам шинжийн үед:

- Хөдөлгөөний болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх

- Өвдөлт хөл рүү дамжих

- Нурууны хөдөлгөөн хязгаарлагдах

- Нуруу тэгш байдлаа алдаж хазгай болох

- Булчин чангарах

• Өвдөлт бүсэлхий нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинаж өвдөнө. Өвчтөн эрүүл хөл дээрээ хүчлэн гишгэж хазайж явна. Аливаа хөдөлгөөн нь өвдөлтийг улам сэдрээдэг.

Нугасны ёзоор дарагдлын үед:

- Дискийн ивэрхий нугасны бүсэлхий ууцны ёзоорыг дарж гэмтээсэнтэй холбоотой үүснэ.Зонхилон L4-L5,L5-S1 нугалмайн түвшинд тохиолддог.

- Дарагдсан ёзоорын бүсэд бадайрч өвдөх

- Мэдрэхүй буурах

- Рефлекс арилна

- Булчин саажина.

Оношлогоо:

Нурууны рентген зургийг эгц, хажуу, ташуу байрлалаар авна. Остеохондрозын рентген шинж илрэхдээ:

- Нугалмай хойшоо гулсах

- Нугалмайн ирмэг зузаарч, ясан ургацгууд бий болох

- Диск хавтгайрах

- Нугалам хоорондын завсар нарийсах шинжээр тодорхойлогдоно.

Харин компьютер болон MRI шинжилгээгээр дискийн ивэрхий, нугасны ёзоор дарагдлыг бүрэн оношилно.

Эмчилгээ:

Хурц өвдөлтийн үед тэгш орон дээр хэвтүүлж, хэвтрийн дэглэм сахина.

-Өвдөлт намдаах (cmериод бус үрэвслийн эсрэг эм) эмийг уух, тарих, лаа хэлбэрээр хэрэглэнэ.

-Физик эмчилгээ, цахилгаан шарлага,

-Зүү эмчилгээ, электрофорез

-Өвчний архаг шатанд рашаан сувилал, шавар эмчилгээ, биеийн тамир, дасгал хөдөлгөөн шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх арга зам:

Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийх, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлж байх нь чухал.

Нурууны өвчин намдаах энгийн аргууд

• Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх хэрэгтэй.

• Утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.

• Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.

• Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.

• Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлөхөөс гадна хүзүүнд үрчлээ үүсгэдэг.

• Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.

• Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.

• Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.

• Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.

• Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.

• Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.

• Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.

• Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.

• Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.

• Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.

• Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.

• Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.

Хүзүү нуруугаа өвдөж эхэлмэгц мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө аван, тохирсон дасгалаа хийгээд явахад өвчин бүрэн эдгэрэх боломжтой юм шүү. 

Харин нэгэнт мэдрэл дарагдаж ивэрхий үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлвэл заавал мэс засалд орохгүй байх бас боломжтой юм шүү.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ