ХӨСҮТ "КОВИД-19"-ИЙН ХУВИЛБАР БОЛОН БУСАД ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ СУДЛАН ШИНЖЛЭХ ШИНЭ ЛАБОРАТОРИТОЙ БОЛНО

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-07 23:48:56

Сүүлийн жилүүдэд шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний дэгдэлт олноор гарах болсны нэгэн тод жишээ нь “КОВИД-19” халдвар юм. 

Та бидний мэддэгчилэн ХДХВ/ДОХ, АЦХаХ буюу ‘SARS”, Шувууны томуу, Томуугийн A/H1N1/, SARS CoV-2 зэрэг халдварт өвчин үүсгэгч бичил биетнийг аюулын зэрэглэлээр нь 4 ангилдаг бөгөөд манай улсад элбэг тохиолддог сүрьеэ, тарваган тахал, боом, В, С, D вирүст хепатит, ДОХ, бруцеллез зэрэг өвчний үүсгэгчид нь аюулын зэрэглэлийн III, IV дүгээр ангилал буюу аюултай, онцгой аюултай ангилалд ордог байна. 

Эдгээр халдварт өвчин үүсгэгч бичил биетнийг био-аюулгүйн III зэрэглэлийн лабораторид шинжилж судлахыг ДЭМБ-ын зөвлөмжид тусгажээ. 

Учир нь аюулын зэрэглэлийн III, IV ангилалд ордог дээрх үүсгэгчидтэй ажиллахдаа био-аюулгүйн III, IV дүгээр зэрэглэлийн лабораторид ажиллах ёстой байдаг. 

Харин манай улсын хувьд био-аюулгүйн II дугаар зэрэглэлээс дээш лаборатори байхгүй. 

Тиймээс лабораторид ажиллагсад өвчлөх улмаар халдвар гадагш тархах аюултай хэвээр байгаа гэсэн үг юм. 

Энэхүү аюулыг багасгах зорилгоор ХӨСҮТ-д Био Аюулгүйн III дугаар зэрэглэлийн лабораторийг байгуулахаар 2010 оноос ажиллаж эхлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шинэ лабораторийн барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. 

Уг лаборатори ашиглалтад орсноор ХӨСҮТ төдийгүй Монгол улсын хэмжээнд шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний үүсгэгчдийг аюулгүй нөхцөлд судлан шинжилж ажиллах боломж бүрдэх аж. 

Түүнчлэн лабораторид ажиллах эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хөдөлмөрийн аюулгүй байдал, халдвар гадагш тархах нөхцлийг бүрэн хумих био-аюулгүй ажиллагааны олон улсын стандартанд нийцсэн шинэ лаборитори бий болох юм. 

Одоогийн байдлаар уг лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нь ирээгүй байгаа учраас ковид-19-ийн хувилбар илрүүлэхийн тулд АНУ болон Япон улс руу сорьцыг илгээж байгаа юм. 

Холбоотой мэдээ