Сонсголтой болсон бяцхан хүү олны хайрыг татаж байна

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-22 02:32:16

"Эрдэм" хүүхэд хамгаалах төвд өсч буй н.Батбилэг хүү төрөлхийн сонсголгүй ч сайхан сэтгэлт асрамжийн төвийн ажилчид, алтан гарт эмч нарын ачаар сонсголтой болжээ. 

Бяцхан хүүгийн бичлэг цахим хуудаст цацагдаж, олон хүн хүүг өхөөрдөж, асрамжийн төвийн хүүхдүүдэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Хүүгийн баяр жаргалтай агшны видеог Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цахим хуудастаа тавьжээ.

Учир нь энэ оны гуравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах болсон.

Тухайлбал, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий, нүд болон хүзүүний бусад төрөлх гажиг, сонсголын төрөлхийн гажигийн мэс заслын бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж бяцхан үрсийн гэр бүл, хайртай дотны хүмүүсийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдсэн юм.

н.Батбилэг хүү эмч болох мөрөөдөлтэй бөгөөд олон янзын дуу чимээ сонсч байгаадаа баяртай байгаагаа хэлсэн байна. 

Тэрбээр энэ хавар нэгдүгээр ангиа төгссөн бөгөөд одоо хичээлдээ ороод онц сурна гэдгээ багшдаа амалжээ. 

Цахим сүлжээнд тавигдсан бичлэг тавдугаар сарын бичлэг аж. 

Түүнтэй ижил төрлийн оноштой олон хүүхдийн эмчилгээний зардлыг ЭМДЕГ-аас гаргахаар болсон нь давуу тал гэдгийг хүмүүс онцолж, талархаж байгаагаа илэрхийсэн байна.

Холбоотой мэдээ