ДЭМБ: Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд агуулдаг

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-09-29 23:49:28

Дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1,1 тэрбум хүн байдгаас 60 хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.  

Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл аж. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж ДЭМБ-ын албан ёсны сайтад бичжээ.

ЭЛЕКТРОН ТАМХИ БУЮУ ВЭЙП ГЭЖ ЮУ ВЭ?

Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна.

Үйлдвэрлэгчид электрон тамхи нь тамхи хаяхад зориулсан, эрүүл мэндэд учруулах хор уршиг харьцангуй бага гэж сурталчилдаг ч шинжлэх ухааны судалгаагаар нотолсон зүйл байхгүй гэжээ.

ДЭМБ-ын тайлангаас үзэхэд цахилгаан тамхийг хоргүй гэж үзэж болохгүй бөгөөд эмч нар тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөж болохгүй гэсэн байна. Учир нь электрон тамхины шингэний найрлаганд глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг байна.

ТАМХИА ХАЯХ АРГА ЗАМ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ

Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Тиймээс хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.


Электрон тамхинд агуулагддаг бодис нь зүрх судас, уушгины өвчлөл, жирэмсэн эхчүүдийн хувьд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэжээ.

АНУ-д явуулсан судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд уламжлалт тамхины хэрэглээнээс татгалзахын тулд электрон тамхи хэрэглэх болсон байна. Гэвч жирэмсний хугацаанд электрон тамхийг татахгүй байхыг зөвлөжээ. 

Үйлдвэрлэгчид электрон тамхийг хориглосноор тамхинаас гарах хүмүүсийн тоо багасна гэж үзэж байна. Гэвч АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн 70 хувь нь энгийн тамхи татдаг хэвээр байгаа аж. Түүнчлэн тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна гэсэн зарим орны судалгааны үр дүн харуулсан байна. 

ЭЛЕКТРОН ТАМХИ ЯМАР ӨВЧЛӨЛ ҮҮСГЭДЭГ ВЭ

Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхичин хүн анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлдөг байна. Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин  болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна.

Мэдээж үнэр оруулагчийг хүнсэнд ч хэрэглэдэг шүү дээ гэж та хэлэх байх. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний орц найрлаганд маш бага хэмжээгээр агуулагддаг байна.


ЭЛЕКТРОН ТАМХИНД ДОНТУУЛАХ БОДИС БОЛОХ НИКОТИН АГУУЛАГДДАГ

Электрон болон энгийн тамхинд никотин төрөл бүрийн хэлбэрээр агуулагддаг аж.

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын /FDA/ судалгаагаар электрон тамхинд нитрозамин, гликолын деривативууд зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ. Мөн никотин нь донтуулах нөлөөтэй бодис бөгөөд никотин агуулдаггүй гэх бүтээгдэхүүнээс ч FDA-ийн судалгаагаар никотин илрүүлсэн байна.

Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой гэжээ.


Хүний артерийн судасны хананд никотин хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг байна. Никотин артерийн дотоод гадаргуу болох интимийг устгадаг. Та тамхинаас гарч, амьдралын хэв маягаа өөрчлөн, зохистой хоол тэжээл идсэн ч бүрэн сэргэхгүй байх талтай ажээ. Өөх тос, холестеролоос үүссэн бохирдол нь артерийн судсанд наалдаж эхэлдэг бөгөөд судас нарийсч, зүрхний шигдээс, цус харвах зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж болошгүй аж. Түүнчлэн тамхи татах нь эрэгтэй хүний ​​бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг байна.

Цусанд орсон их хэмжээний никотин зүрх судасны тогтолцоонд төсөөлснөөс илүү хор хөнөөтэй ажээ. Таны дотор эвгүйрхэж, бие тань сульдаж байгаа бол таагүй нөлөөлөл үзүүлж байгаагийн эхний дохио гэнэ. Хэрвээ вэйпер удаан хугацаанд татсан өрөөнд тамхи татдаггүй хүн орвол шээсний үнэр үнэртдэг байна. Энэ нь никотины бүрэлдэхүүнд ордог аммиак үнэртэж байгаагийн илрэл аж.

Никотин ой тогтоолт, өөрийгөө хянах, суралцах үйл явц зэрэг тархины үйл  ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын тайланд тус улсад электрон тамхи хэрэглэдэг 3 сая гаруй хүн байдаг бөгөөд ахлах ангийнхны хувьд 2017 оноос хойш 78 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг дурджээ. Электрон тамхинд амт үнэр оруулагч нэмсэн байдаг учраас залуус сонирхож, турших магадлалтай бөгөөд тийм маягаар хамааралтай болдог байна. 

МОНГОЛД

Монголд төрөл  бүрийн өнгө амттай вэйп худалдаалдаг газрууд байдаг ба  насанд хүрээгүй хүнд худалдаалдаггүй гэж ярьж байна.

Тухайлбал, электрон тамхи борлуулж буй Vape Mongolia цахим дэлгүүрээс борлуулалтын үед баримталдаг зарчмынх нь талаар асуухад "Бид 21-ээс дээш насныханд зардаг. Албан ёсны мэдээлэлд вэйп нь тамхинаас 95 хувиар бага хортой гэсэн судалгаа бий. Хүнсний тос буюу глицеринээр хийдэг. Мөн үнэр амт оруулдаг. Доод талын батарейнаас өгөгдөл аваад шингэнээ ууршуулж гаргаж байгаа уур гэсэн үг. Бид огт хүүхдэд зардаггүй" гэлээ.

 ТАМХИ, ЭЛЕКТРОН ТАМХИНЫ АЛЬ АЛИНЫГ НЬ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

Зарим улс орнуудад электрон тамхийг энгийн тамхинд тооцох хуулийн төсөл санаачилж байна. Тухайлбал, ОХУ-ын Төрийн Думд өнгөрсөн тавдугаар сард электрон тамхи нь хүний эрүүл мэндэд хортой гэж үзэж тамхины жагсаалтад оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Харин Монгол Улсад одоогоор электрон тамхийг тамхины жагсаалтад оруулаагүй байна.

ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж байна. Вэйпийг одоогоор 27 улсад хоригложээ.

Цаашдаа электрон тамхи хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэхийг таашгүй. Учир нь уламжлалт тамхитай харьцуулахад цөөн тооны хүн хэрэглэдэг тул өргөн хэмжээний судалгаа хийж дуусаагүй байгаа аж.

Тиймээс тамхи, электрон тамхины аль аль нь хортой учраас хоёуланг нь  хэрэглэхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөж байна.

Эх сурвалж: WHO, Health line, TASS

Холбоотой мэдээ