ШИГЕАКИ ХИНОХАРА ЭМЧИЙН "УРТ НАСЛАХ ДҮРЭМ"

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-11-09 04:13:58

ШИГЕАКИ ХИНОХАРА ЭМЧИЙН "УРТ НАСЛАХ  ДҮРЭМ" 


Наран ургах орныхон урт насалдаг болсонд Шигеаки Хинохара эмчийн гавьяа их бий. Хинохара эмч, хүн хэдий өндөр насалсан ч идэр залуу байсан шигээ идэвхтэй байж болдгийг өөрийн биеэр байнга харуулдаг байж. Тэрээр 75 нас хүрсан хойноо 150 гаруй ном бичин хэвлүүлж (“Урт насалж сайхан амьдрах нь” нэртэй ном нь 1.2 сая хувь борлогдож “бестселлер” болсон), 100 насалсан ч өвчтөнүүдээ хүлээн авч, мөн лекц уншиж байжээ. Хинохара эмч урт наслах дүрэм боловсруулж, тэр дүрмээ ч өөрөө байнга мөрддөг байж. Тэдгээр дүрмээс нь энд хуваалцья:


1. Хүн, энергийг хоол унд эсвэл нойрноос бус... цагийг зугаатай өнгөрүүлэхээс авдаг юм. Багадаа бид тоглоомондоо  улайраад нойр хоолоо бүр мартчихдаг байсан даа. Насанд хүрсэн хүмүүс ялгаагүй. Тогтсон цагт хооллож ундлах, тогтсон цагт унтаж амрах гэж биеэ зовоох хэрэггүй.


2. Хэн ч урт насалж болно… иргэншил, яс үндэс, хүйс энд огт хамаагүй. Урт насалсан хүмүүсийг нэг л зүйл нэгтгэдэг: тэдний дунд ганц ч тарган хүн байхгүй. Жишээ нь би, өглөөний цайндаа аяга кофе, сүү эсвэл жүржийн шүүс оливын тостой уудаг (оливын тос зүрх судас, арьсанд сайн). Өдрийн цайндаа сүү ууж жигнэмэг идчихдэг... ажил ихтэй үед бол юу ч иддэггүй (ажил ихтэй үед би огт өлсдөггүй). Оройн хоолондоо ногоо, загас, бага зэрэг будаатай хүртдэг. Мөн долоон хоногт хоёр удаа 100гр бараан мах иддэг. 


3. Хийх ажлаа эртнээс төлөвлөж бай. Тухайлбал би бүх ажлаа (өвчтөнүүдийг хүлээн авч үзэх, лекц унших, эмнэлэг дээрээ ажиллах г.м.) дараа оныг дуустал төлөвлөөд байгаа. 2016 оны хувьд гэвэл би цагаа сайхан өнгөрүүлмээр санагдаад Риогийн Олимпийг үзээд ирсэн.  


4. Өндөр насны тэтгэвэрт огт гарах хэрэггүй. Гэвч гарахаас өөр замгүй бол аль болох хожуу гарахыг бодоорой. Өнөөдөр Япон хүмүүс 65 хүрээд тэтгэвэрт гарч байна. Гэтэл "65" гэдэг насыг аль тавин жилийн өмнө буюу дундаж наслалт 68 байхад тогтоосон юм. Тэр үед 100 гаран насалсан хүний тоо улсын хэмжээнд ердөө 125 байлаа. Гэтэл өнөөдөр манай эмэгтэйчүүд дунджаар 86, эрэгтэйчүүд нь 80 насалдаг болж... 100 гаран насалсан хүний тоо 36 мянга хол давчихаад байна шүү дээ! 


5. Мэдлэгээ бусадтай байнга хуваалцаж бай. Би, сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудаас авахуулаад бизнес эрхлэгчид хүртэл янз бүрийн хүмүүст зориулж жилд 150-иад лекц уншдаг. Миний лекцүүд 60-90 минут үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд би огт суудаггүй. 


6. Эмч танд ямар нэгэн шинжилгээ өгөх эсвэл хагалгаанд орох хэрэгтэй гэхэд нь тэр эмчээсээ “Та энэ эмчилгээгээ өөрийн эхнэр хүүхэд эсвэл гэрийнхэндээ бичиж өгөх байсан уу?” гэж асуугаарай. Эмч нар юу ч гэж ярьсан... бүх өвчинг анагааж чадахгүй. Тэгэхээр аль болох бага зовсон нь дээр бус уу?  Заримдаа дуу хөгжим, тэжээвэр амьтан ямар ч мэс заслаас илүү эмчилдэг юм шүү.  


7. Эрүүл байя л гэвэл шатаар явж, юм хумаа өөрөө зөөж бай. Би л гэхэд булчин шөрмөсөө дасгалжуулах зорилгоор шатаар гарахдаа хоёр гишгүүр алгасдаг.


8. Би Роберт Браунингийн “Фоглер ламтан” шүлэгнээс урам зориг ордог. Намайг бага байхад аав минь надад уншиж өгдөг байлаа. Тэр шүлэгт, хүн өмнөө ТОМ зорилго тавьж байх хэрэгтэй гэж өгүүлдэг... амьдралдаа ч тэр, урлагт ч тэр. Жишээ нь та тойрог татлаа гэж бодьё. Тэгвэл тэр тойрог чинь насаараа татаад ч дуусамгүй тийм том тойрог байх учиртай. Тэр тойргийн багахан хэсэг л нүдэнд солонго адил харагдаж, үлдсэн хэсэг нь нүднээс чинь далд байна гээд бод. 


9. Өвдөлт гэдэг их сонин юм. Өвдөлтийг давж гарах хамгийн шилдэг арга бол ямар нэгэн сонирхолтой юм олж хийх. Шүд нь өвдөж байгаа хүүхдэд ямар нэгэн тоглоом өгөнгүүт, тоглоомондоо саатаараад өвчнөө мартчихдаг шүү дээ. Эмнэлгүүд энэ тухай бодолцох хэрэгтэй. Манай эмнэлэг (Гэгээн Лукийн) дуу хөгжим, уран зураг, тэжээвэр амьтдыг эмчилгээндээ ашигладаг... өвчтөнүүд маань ч их дуртай байдаг.


10. Эд баялаг хуримтлуулах гэсний хэрэггүй. Энэ хорвоогоос хэзээ буцахаа хэн ч мэдэхгүй. Буцах цаг ирэхэд бид хуримтлуулсан эд хөрөнгөө хамаад явж чадахгүй шүү дээ...


11. Эмнэлгүүд томоохон гамшигт ямагт бэлтгэлтэй байж, зориод ирсэн хэнийг ч болов хүлээн авч тусламж үзүүлдэг байх ёстой. Манай эмнэлэг л гэхэд суурийн давхар, хонгил... тэр бүү хэл эмнэлгийн дэргэдэх сүмд ч мэс засал хийж болохуйцаар бүрэн тоноглодсон. Намайг “Гамшиг болоход бэлдэж байна” гэхэд ихэнх хүн намайг галзуурчихаж гэж боддог байсан... Гэвч тэр бүх бэлтгэл 1995 оны 3-р сарын 20-ны өдөр буюу “Аум Синрикё” сектийнхэн Токио хотын метронд террорист халдлага үйлддэг өдөр хэрэг болсон юм. Тэр өдөр бид халдлагын улмаас эрүүл мэндээрээ хохирсон 740 хүнийг хүлээн авч үзээд “зарин” гэдэг хийнд хордсон болохыг нь хоёрхон цагийн дотор тогтоож билээ. Тэдгээр 740 хүнээс бид 739-ийнх нь амийг аварч... нэг хүнийг харамсалтайгаар алдсан юм. 


12. Хүмүүсийг эмчлэхэд шинжлэх ухаан дангаараа хүчрэхгүй. Шинжлэх ухаан бүх хүнийг “адилтгаж” үздэг. Гэтэл бид бүгд өөр... мөн өвчин сэтгэл санаатай салшгүй холбоотой. Тухайн хүн яагаад өвдсөнийг олж тогтооход дан ганц шинжлэх ухаан нэмэр болохгүй... урлаг ч бас хэрэгтэй.

    

13. Амьдрал гэдэг гэнэтийн явдлаар дүүрэн. 1970 оны 3-р сарын 31-ний өдөр би Токиогоос Фукуока руу нисч явлаа... тэгэхэд би 59-тэй байсан юм. Цэлмэг сайхан өглөө Фудзияма уулыг дээрээс нь хараад ихэд бахдалтай явж байтал “Улаан арми” коммунист үүрийнхэн онгоцыг булаан авах нь тэр. Тэгээд бүтэн дөрвөн өдрийн турш 40 хэмийн халуунд суудалдаа хөдөлгөөнгүй гавлуулсан байдалтай сууж байхдаа би, эмч хүний хувьд, өөрийгөө “хөндлөнгөөс” ажиглаж байлаа. Хүний бие осол гамшигт хэрхэн зохицож байгааг хараад би их гайхсан шүү.


14. Өөрийн чинь хувьд үлгэр дууриал болохуйц хүнтэй байж, тэр хүнээсээ илүү гарахыг ямагт хичээж яваарай. Миний аав 1900 онд Умард Каролина мужид байдаг Дюкийн Их Сургуульд суралцахаар АНУ-ыг анх зорьсон юм. Аав маань Америкт хөл тавьсан анхны япон хүн тул миний хувьд жинхэнэ баатар байсан юм. Хүнд хэцүү байдалд орох болгондоо би “Аав минь миний оронд байсан бол яах байсан бол” гэж төсөөлж боддог юм.


15. Урт наслах гэдэг гайхалтай. 60 хүртлээ бид гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг... зорьсондоо ч төвөггүй хүрдэг. Харин дараа нь бид улс нийгмийнхээ тусын тулд өөрийгөө зориулдаг байх ёстой. 65 хүрээд би өдөрт 18 цагаар... огт үнэгүй ажилладаг болсон. Ийн ажиллаж байхдаа би агшин бүрээс таашаал авдаг. 


Шигеаки Хинохара эмч, Токио дахь Гэгээн Лукийн эмнэлгийн Ерөнхийлөгч, 2017 оны 7-р сард 105 насандаа бурхан болсон билээ. Тэрээр насан өөд болтлоо өвчтөнүүдээ хүлээн авч үзсээр байсан бөгөөд түүний үзлэгийн хуваарь 2017 он дуустал дүүрсэн байсан гэдэг. 

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ