Ш.ЗОРИГОО: ХӨЛИЙН СУДАС ӨРГӨСӨХӨД МЭС ЗАСАЛ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-07-02 08:33:49

Хөлийн судас бүдүүрэх тохиолдол олон хүн илэрдэг. 

Энэ нь хөхөвтөр юм уу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах нь судасны нэг төрлийн гаж хэлбэр гэж анагаах ухаанд үздэг юм байна. 

Нэг үгээр хэлбэл хөлийн судас бүдүүрэх өвчин аж. 

Энэ нь гоо зүйн хувьд ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр хүндрэл үүсгэх магадлалтай өвчин юм. 

Варикоз буюу венийн судасны өргөсөл нь хүний бие организмын цусны эргэлтийн системд нөлөөлөх аюултай бөгөөд бидний амьдралын хэв маяг, хооллолт ба генийн онцлогоос шалтгаалан үүсдэг байна.

Ингээд энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой талаар Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоотой ярилцлаа. 

-Олон нийт судас өргөсөх өвчин гэж тэр бүр мэддэггүй. 

Хөлийн судасны өргөсөх гэж юу вэ? 

-Хөлийн судасны өргөсөл гэдэг нь хөлийн венийн судасны ханын бүтэц алдагдаж, цүлхийж ил харагдах эмгэг юм. 

-Хөлийн судас ямар шалтгаанаас болж өргөсдөг юм бэ? -

Энэ өвчин үндсэн хэд хэдэн шалтгаантай.

Нэгд, Жирэмслэлт.

Эмэгтэй хүн жирэмслэлтээс болж энэ өвчнөөр өвдөж байна.

Хоёр хөлийн хураагуур судас аарцган дотор нийлээд дээшээ нэг судас болоод явдаг.

Хэвлийд байгаа хүүхэд томрохын хэрээр тэр судсыг дардаг.

Ингэснээр хөлийн судсанд цусны зогсонгожил үүсдэг.

Хоёрт,

Удаан суух, удаан зогсох.

Гуравт,

Таргалалт.

Тарган гэдэс

бүдүүн гуя хоёрын завсар цавины судас дарагдсанаар хөлийн судсанд зогсонгошил үүсгэдэг.

Мөн хөдөлгөөн дутагдлаас үүдэн энэ өвчин үүсдэг.

Дөрөвт,

Удамшил

. -Хөлийн судас өргөсөх өвчин ямар шинж тэмдгээр илэрч зовуурилдаг вэ?

-Хөлийн судас өргөсөж нүдэн дээр харагдахаас өмнө хөл чинэрч, бадайрна.

Мөн хөлийн шөрмөс татах зориур илэрнэ.

Эдгээр зовууриуд илэрсээр аажимдаа хөлийн судас өргөсөж ил харч ирнэ.

Хүмүүс ихэнхдээ энэ өвчнийг гоо сайхан талаас илүү их анхаарч хардаг.

Зарим хүмүүс юбка өмсөж болохгүй, шорт өмсөж болохгүй хөлөө ил гаргаж явахад хэцүү байна гэж ярьдаг.

Хураагуур судасны бүтцийн өөрчлөлт нь гоо сайхны асуудлаас илүү ноцтой. 

Хураагуур судсаар цус буцаж урсах эмгэгийг эмчлэхгүй орхисноос өвчин даамжирч уушгинд нөлөөлөх аюултай. 

Тиймээс иргэд хөлөө сайтар ажиглаж, дээрх шинж тэмдэг илэрсэн, мэдэгдсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. 

-Эмчилгээ хийлгүй удаан явах нь их аюултай гэлээ.  

Эмчлүүлэхгүй явснаар ямар аюултай үр нөлөө үзүүлэх вэ? -

Хөлийн судасны өргөсөл нь тодорхой үе шаттайгаар явагддаг.

Энэ өвчнийг оношлуулахгүй, эмчлүүлэхгүй явсаар мэдээж дараа дараагийнхаа үе шатууд руу шилжинэ.

Хөлийн судасны өргөслийн үндсэн хүндрэл нь тэр өргөссөн судсан дотор цус удаан хугацаанд байрлаж байсаар зогсонгишил үүсэж байгаа юм.

Зогсонгишил дотор бүлэн үүсэх юм бол бөглөрөл бий болно.

Энэ нь явсаар уушгинд хүрч уушгины судасны бөглөрөл үүсэх хүндрэл гардаг.

Энэ маш ноцтой хүндрэл.

Хоёрт, хөлийн судас нь арьс руугаа түрж томорч цүлхийсээр байгаад арьсан дээр тэжээлийн дутагдлаас болж шарх үүсдэг.

Үндсэн гол хүндрэлүүд нь энэ хоёр хүндрэл гэж хэлнэ.

-Энэ өвчнөөр аль насныхан илүү өвчилж байна вэ.

Мөн хүйсийн хувьд? -Насны хувьд төрөлхийн биш бол 30 наснаас дээш насныхан түлхүү өвчилж байна.

Үүнээс дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Сүүлийн үед эрчүүд ч мөн адил их өвчлөх болсон.

Мөн энэ өвчин нь удамшдаг өвчин учир эцэг эхчүүд хүүхдийнхээ хөлийг сайтар ажиглаж байх хэрэгтэй.

-Хөлийн судас өргөсөн өвчнийг хэрхэн эмчилдэг вэ?

-Хөлийн судасны эмчилгээний бараг 90 хувь нь урьдчилан сэргийлэлтээс хамаардаг 

. Тухайлбал, удаан зогсож, суухгүй байх. 

Мөн биеийн жингээ нэмэхгүй байх, өдөрт тодорхой хэмжээнд алхах гэх мэт урьдчилан сэргийлэлт хийх хэрэгтэй. 

Харин нэгэнт өргөссөн судсыг эмчлэхэд судас хатаадаг тариа хийх, лазераар эмчлэх, мэс заслаар авах гэсэн гурван арга байдаг. 

Эдгээр гурван аргаар өргөссөн судсыг ажиллагаагүй болно. 

Гэхдээ үүнд санаа зовох зүйл байхгүй. Хүний бие нөөц өнгөц судаснууд болон гүний судсаар дамжин цус урсдаг учраас тэдгээр өргөссөн судсуудыг ажиллагаагүй болгосноор биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. 

Судас хатаадаг тариаг судасны өргөссөн хэсгүүдэд нь хийдэг. 

Харин лазер эмчилгээ нь судасны гаднаас болон дотор талаас түлдэг. 

Мэс заслын эмчилгээн нь өргөссөн судаснуудыг түүж сугалж авдаг. 

Би сүүлийн таван жил судас авах мэс заслыг хийгээгүй. 

Харин 100 хувь тариагаар судсыг нь хатаах эмчилгээ хийж байгаа.

Ер нь дээр дурдсан гурван эмчилгээнүүдээс хамгийн үр дүнтэй эмчилгээ бол судас хатаах тариан эмчилгээ юм. 

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар уншигчдад зөвлөгөө өгнө үү? 

-Амьдралын хэв маягтаа зөв дадал, зуршил нэвтрүүлэх нь их чухал. 

Хүчний болон гимнастикийн дасгалууд нэмэх, ажлынхаа үеэр түр завсарлагаа аван биеэ хөдөлгөн богино ч болов уу зайд алхах, ажлынхаа дараа хөлөө зүрхний төвшингээс дээр байрлахаар өндөрлөгт тавин амраах нь маш үр дүнтэй байх болно. 

Харин бага хэмжээний судасны өргөсөлтөд тусгай зориулалтын оймс өмсөж болно. 

Сүүлийн үед сошиалаар энэ өвчнийг тос түрхээд, хануур хорхойгоор ханах, судсыг нь цоолж ханах гэх мэт эмчилгээнүүдийг үр дүнтэй байна гэж их ярих болсон. 

Гэтэл нь энэ анагаах ухаанд нотлогдоогүй байгаа.

Үр дүн нь ч миний хувьд харагдаагүй.

Тиймээс янз бүрийн эмчилгээ дур мэдэн хийлгүйгээр хамгийн түрүүнд эмчид хандаж эмчийн заавар зөвлөгөөг авах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ