Цууны ач тус

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-07-24 09:20:34

Сүүлийн үед хүмүүс цууг уксус гэдгээс арай өөрөөр харж эрүүл мэндийн ач холбогдол талаас нь илүүтэй сонирхон өдөр тутмын хүнсний хэрэглээндээ нэвтрүүлэх сонирхолтой болчихсон байна.

Цуу нь “Исгэлэн вино” гэсэн Франц үгнээс гаралтай бөгөөд барууны орнуудад “Алимны цуу”, “Виноны цуу”, Азид “Будааны цуу” олонд танигдсан байдаг байна. Азийн орнуудад ялангуяа Япон, Солонгост өдөр бүр хоол идсэний дараагаар цууг шингэлэн ууж заншсан байдаг. Хүнсэнд хэрэглэхийг зөвлөсөн цуу нь 4-7% хүчил агуулсан байдаг бол шингэлж уухад зориулагдсан цуу ихэвчлэн 2-3% жимсний хүчил агуулдаг байна. Гэхдээ цуун дахь хүчлийн зөвшөөрөгдөх хэмжээ нь улс орон бүрд өөр өөр байдаг.

Өөрт хэрэгтэй байгаа цууг ялгаж сурахын тулд цууны үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагддаг талаар мэдэх нь чухал. Анх вино исгэх явцад гарсан санамсаргүй алдааны улмаас цууг гаргаж авч байсан гэдэг. Цуу исгэх нь ихэвчлэн 2 үе шаттай явагддаг. Манайхны сайн мэддэг брашк исгэх арга нь эхний үе шат бөгөөд жимсний сахарыг хөрөнгө (дрож)-ний тусламжтайгаар спирт болгож байгаа бол 2 дахь үе шат нь спиртийг бактерийн тусламжтайгаар цуу болгодог байна. Гадуур худалдаанд байгаа цуунууд нь үйлдвэрлэлийн онцлогоос хамааран удаан болон хурдан гэсэн 2 аргаар исгэдэг. Хурдан арга нь исэлтийн процессыг хурдлуулах үүднээс зохиомол нөхцөлд буюу байгалийн бус аргаар хийгддэг. Энэ аргаар ихэвчлэн бидний хэлж заншсанаар уксус үйлдвэрлэгддэг байна. Харин удаан арга нь вино исгэх уламжлалт аргаар буюу байгалийн аргаар 2 сар хүртэлх хугацаанд явагддаг байна. 

Урт хугацаагаар исгэсэн цуунд цууны эх буюу исэлтэд оролцсон бактери, хөрөнгө зэрэг агуулагддаг бөгөөд тагийг онгойлгосны дараагаар исэлтийн процесс үргэлжлэн явагдаж хүчиллэгийн хэмжээ нэмэгдэх талтай байдаг бол зарим цууны хувьд үйлдвэрлэлийн явцад цууны эх хэд хэдэн удаагийн шүүлтүүрээр шүүгдсэн байдаг байна. Мөн уг аргаар исгэсэн цууны түүхий эд болох жимсний витаминлаг чанар цуунд хадгалагдан үлддэг байна. Тиймээс ууж хэрэглэх бол аль болох байгалийн аргаар исгэсэн цууг сонгон хэрэглэх нь эрүүл мэнд талаасаа ач холбогдолтой.


1. Хоолны шингэц сайжруулна – Цууг хоолны дараагаар шингэлж ууснаар ходоодон дахь хүчиллэгийн хэмжээг нэмэгдүүлж хоолны шингэц сайжруулан гэдэс дүүрэхээс сэргийлнэ.

2. Өтгөн хаталт багасгана – Хоол боловсруулалт хэвийн явагдсанаар өтгөн хаталт багасна.

3. Холестрин бууруулна – Биеийн нийт холестрины хэмжээ болон элэгний өөхлөлтийг бууруулж улмаар жин хасахад тустай.

4. Эрч хүч нэмэгдүүлнэ – Бие дэх холестриныг шатааснаар энерги ялгаруулж эрч хүч нэмэгдүүлнэ.

5. Булчингийн нөхөн төлжилтийг дэмжинэ – Цуу нь булчин дах сүүний хүчлийг задалж багасгаснаар дасгал хийсний дараагаар бие булралтыг багасган булчингийн үйл ажиллагааг дэмжинэ.

6. Цатгалан мэдрэмж төрүүлнэ – Цууг тогтмол ууж хэрэглэснээр цатгалан мэдрэмж төрүүлэх бөгөөд хоол хэтрүүлэн идэх цаашлаад хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлээс сэргийлнэ.

7. Дархлаа дэмжинэ – Байгалийн аргаар исгэсэн цууны түүхий эд болох жимс, хүнсний ногооны витаминлаг чанар нь хэвээр хадгалагдан үлддэг тул дархлаа дэмжинэ.

8. Цусан дахь сахарын хэмжээ бууруулна – Цуу нь антигликетик шинж чанартай бөгөөд цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг байна.

9. Цусны даралт бууруулна – Цуу нь бие дэх кальцийн шингээлтийг дэмжин улмаар даралт зохицуулдаг систем (Ренин ангиотензины систем)-ийг дарангуйлан даралт бууруулдаг байна.

10. Зүрх судасны өвчний эрсдэл бууруулна – Цусны даралт болон холестрин бууруулснаар зүрхэнд үүсэх ачааллыг багасган зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна.

11. Хавдрын эрсдэл бууруулна – Байгалийн аргаар исгэсэн цуунд чөлөөт амин хүчил (Антиоксидант шинж чанар) илүүтэй агуулагдах бөгөөд энэ нь бидний бие дэх элдэв төрлийн өвчин үүсгэх чөлөөт радикал дээр очиж суун саатуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг байна.

12. Исгэж авсан цууны түүхий эдээс хамааран нэмэлт ач холбогдлуудтай.

Анхааруулга: Цуу ууж хэрэглэх бол ЗААВАЛ ШИНГЭЛЖ УУХ бөгөөд дангаар нь ууж болохгүй.


Холбоотой мэдээ