Элэгний өөхлөлтийн үед идэж болох, болохгүй хүнс

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-07-24 09:54:33

Элэгний өөхлөлт нь элэгний үрэвсэл, хатуурал болж хүндрэх эрсдэлтэй. Америкийн насанд хүрэгчдийн бараг гуравны нэг нь элэгний өөхлөлттэй гэсэн судалгаа байдаг. Согтууруулах ундаа, таргалалт, хөдөлгөөний идэвхгүй байдал, боловсруулсан хоол хүнс зэрэг нь элэг өөхлөх шалтгаан болдог.

Уг өвчний эмчилгээний нэг чухал хэсэг нь хоолны дэглэм юм. Хоолны дэглэмд дараах зүйлс орно.

•           Олон төрлийн жимс, хүнсний ногоо хэрэглэх

•           буурцагт ургамал, үр тариа гэх мэт эслэг ихтэй бүтээгдэхүүн

•           элсэн чихэр, давс, өөх тос, цэвэршүүлсэн нүүрс ус, ханасан өөх тосны хэрэглээг багасгах

•           согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Өөх тос, илчлэг багатай хоолны дэглэм нь жингээ хасахад тусалдаг бөгөөд энэ нь элэгний өөхлөлт даамжрах, элгийг гэмтээх эрсдэлийг бууруулдаг. Жингийн илүүдэлтэй хүмүүсийн хувьд биеийн жингийнхээ дор хаяж 10 хувийг хасахыг зорих хэрэгтэй.

Элэгний өөхлөлтийн үед түлхүү хэрэглэвэл зохих хүнс

Эдгээрийг хоолны дэглэмдээ оруулснаар элгийг гэмтэхээс хамгаална. 

1.САРМИС

Сармис нь хоолонд амт оруулаад зогсохгүй биеийн жин, элэгний өөхлөлтийн бууруулахад тустай

2. Өөхний хуримтлалаас сэргийлэх НОГООН НОГОО

Брокколи, бууцай, брюссель, байцаа гэх мэт ногоон ногоонууд нь жин хасахад тусалснаар өвчний хүндрэл, даамжралыг бууруулна.

3. Өөх хуримтлалыг багасгах ДҮПҮ

Иллинойс Их сургуулийн судалгаагаар дүфүнд агуулагддаг шар буурцагны уураг нь элгэнд хуримтлагдсан өөхийг багасгадаг гэжээ. Дүпү нь өөх тос багатай, уураг ихтэй байдаг.

4. Үрэвсэл бууруулах ЗАГАСНЫ МАХ

Салмон, сардина, туна, хулд зэрэг загасанд омега-3 тосны хүчил ихээр агуулагддаг. Омега-3 тосны хүчил нь элэгний өөхний түвшин,  үрэвслийг бууруулдаг аж.

5. Эрч хүчээр хангах ОВЬЁОС

Овьёос нь таны биеийг эрч хүчээр хангаад зогсохгүй эслэгийн өндөр агууламж нь цатгалан мэдрэмж төрүүлэн жингээ зохицуулахад тустай.

6. Элэгний үйл ажиллагааг сайжруулах ХУШГА

Самар, хушга нь омега-3 тосны хүчил ихээр агуулдаг. Элэгний өөхлөлттэй хүмүүс самар, хушга идсэнээр элэгний үйл ажиллагаа нь сайжирсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.

7. Элгийг хамгаалах АВОКАДО

Судалгаагаар авокадо нь элэгний өөхлөлттэй хүмүүсийн элгийг гэмтэхээс хамгаалдаг гэжээ. Мөн эслэг ихээр агуулдаг тул жингийн хяналтанд тустай аж. 

8. СҮҮ, ЦАГААН ИДЭЭ

Сүүн бүтээгдэхүүн нь уураг ихээр агуулдаг тул элгийг цаашид гэмтэхээс хамгаалдаг байж болох талаар 2011 оны нэгэн судалгаанд дурьджээ.

9. Антиоксидант агуулсан НАРАНЦЭЦГИЙН ҮР

Энэхүү үр нь антиоксидант, Е амин дэмээр баялаг тул элгийг гэмтээхээс хамгаалдаг.

10. Жингээ хянахад тустай ОЛИВИЙН ТОС

Оливийн тос нь омега-3 тосны хүчил ихээр агуулдаг. Судалгаагаар чидун жимсний тос нь элэгний ферментийн түвшинг бууруулж, жингээ хянахад тусалдаг болохыг тогтоожээ.

Элэгний өөхлөлтийн үед хоригловол зохих хүнс:

Эдгээрийг хязгаарласнаар жин нэмэх, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхээс сэргийлнэ.

Согтууруулах ундаа: Архи, согтууруулах ундаа нь элэгний бусад өвчнүүдийн нэгэн адил элэгний өөхлөлтийн гол шалтгаан болдог.

•  Элсэн чихэр ихтэй хүнс: Чихэр, жигнэмэг, хийжүүлсэн ундаа, жимсний шүүс зэрэг сахарын агууламж өндөртэй хүнснээс татгалзаарай. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь элэгний өөхлөлтийн хэмжээг нэмэгдүүлдэг.

•  Шарсан, хуурсан хоол: Эдгээр нь өөх тос, илчлэг ихтэй байдаг.

•  Давсны хэрэглээг багасгах: Өдөрт хэрэглэх натрийн хэмжээг 1500 миллиграммаас бага байлгах хэрэгтэй.

•  Цагаан талх, будаа, гоймон: Цагаан гэдэг нь үр тариаг цэвэршүүлсэн гэсэн үг бөгөөд энэ нь эслэгийн агууламжаа алдаж, таны цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг.

•  Мах:  Үхрийн мах, гахайн мах нь ханасан өөх тос ихтэй байдаг.

Элэгний өөхлөлтийн үед баримтлах бусад дэглэм:

Хоолны дэглэмээ өөрчлөхөөс гадна элэгний эрүүл мэндийг сайжруулахын тулд амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. 

1. Илүү идэвхтэй байгаарай: Хоолны дэглэмтэй хослуулан дасгал хийснээр илүүдэл жингээсээ салж, элэгний үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Долоо хоногийн ихэнх өдрүүдэд дор хаяж 30 минутын аэробикийн дасгал хийхийг зорь.

2. Холестерины хэмжээ багасга: Холестерол, триглицеридын түвшинг хяналтандаа байлгахын тулд ханасан өөх тос, сахарын хэмжээгээ хяна.

3. Чихрийн шижин өвчнийг хянах: Чихрийн шижин, элэгний өөхлөлт нь хавсарч илрэх тохиолдол цөөнгүй. Хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн нь энэхүү хоёр нөхцлийг зохицуулахад тусална. Хэрэв цусан дахь сахарын хэмжээ өндөр хэвээр байвал эмчээс зөвлөгөө аваарай.

     Эх сурвалж: Healthline

Холбоотой мэдээ